
Хөрөнгийн зах зээлийн өсөлт, хөгжил нь аливаа улс орны эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Өсөн нэмэгдэж буй энэхүү зах зээл нь компаниудыг өргөжүүлэх, инновац бүтээх, санхүүжилт олгохын зэрэгцээ хөрөнгө оруулагчдад баялаг бүтээх, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжийг олгодог байна.
Монголын Хөрөнгийн Бирж нь анх 1991 онд үүсгэн байгуулагдаж зах зээлийн эдийн засагт шилжих томоохон алхмуудын нэг болсон билээ. Эхэн үедээ хөрөнгө оруулагчдын мэдлэг, хууль эрхзүйн зохицуулалт зэрэг нь хангалтгүй, хязгаарлагдмал технологийн дэд бүтэц гэх мэт олон асуудлуудтай тулгарч байсан ч эдгээрийг үл харгалзан хөгжсөөр өдгөө ₮11 их наядын үнэлгээтэй буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 20.8%-д хүрээд байна (MSE).
Ижил төстэй улс хэрхэн хурдтай хөгжив?

Казакстан улсын хөрөнгийн бирж анх 1993 онд байгуулагдсанаар уг улсын хөрөнгийн зах зээл эхэлсэн түүхтэй. Он цагийн дараалал болон эдийн засгийн нөхцөл ойролцоо хэдий ч уг улсын хөрөнгийн зах зээл илүү хурдтай хөгжсөн. Казакстаны хөрөнгийн зах зээл өдгөө $69.48 тэрбумын үнэлгээтэй буюу дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 33.44%-д хүрчээ.
Үүсгэн байгуулагдсан цагаас хойш манай зах зээлд тулгарч байсан дээрх бэрхшээлүүд мөн адил Казакстанд байсан ч арвин их байгалийн нөөц болон стратегийн шинэчлэл нь хурдтай өсөлтийн гол тулгуур болсон. Тухайлбал:
- Байгалын баялгаа зөв зохистой ашиглах. Газрын тос, хий болон минерал зэрэг байгалийн эх үүсвэрүүд нь гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг их татсан ба эдгээр нөөцөөс олсон орлого нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг санхүүжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.
- Эрх зүйн шинэчлэл. Зах зээлийн ил тод байдал, хөрөнгө оруулагчдын хамгаалалтыг сайжруулах болон гаднын хөрөнгө оруулагчдыг татах үүднээс зохицуулалтын цогц шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, 2005 оноос эхлэн олон улсын санхүү бүртгэлийн стандартыг (IFRS) нэвтрүүлсэн ба зах зээлийн зохицуулагч байгууллагыг 2004 онд үүсгэн байгуулжээ. Энэ нь ил тод байдал болон олон улсын хөрөнгө оруулагчдыг ихээхэн татсан үйл явдал юм.
- Зах зээлийг либералчлах. Гаднын хөрөнгө оруулагчдад Казахстаны компаниудын хувьцааг эзэмшихэд тулгардаг байсан томоохон хязгаарлалтыг бууруулж, таатай орчин үүсгэсэн. Мөн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн. Эдийн засгийг төрөлжүүлэх, санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилготой "100 тодорхой алхам” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлснээр хөрөнгийн зах зээлийн өсөлтөд илүү таатай орчин бүрдүүлсэн.
- Төрийн өмчит байгууллагуудыг олон нийтэд. Казахстаны засгийн газар өмч хувьчлалын өргөн хүрээтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг KASE-д бүртгүүлж байсан. Энэ нь бүртгэлийн тоог нэмэгдүүлээд зогсохгүй зах зээлийн үнэлгээ, хөрвөх чадварыг нэмэгдүүлжээ. Энэхүү хувьчлалын хүрээнд эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт улсдаа тэргүүлэгч томоохон компаниуд багтсан байна.
- Боловсрол, мэдлэг олгох хөтөлбөрүүд. Казахстан улс хүн амын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх боловсролын хөтөлбөрүүдийг ихээхэн хэрэгжүүлсэн. Хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломжуудыг сурталчлах замаар эдгээр хөтөлбөрүүд хөрөнгө оруулагчдын баазыг өргөжүүлсэн.
Зэрэг стратегийн шинэчлэл нь уг улсын хөрөнгийн зах зээл хурдтай өсхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Манай улсын хувьд мөн адил дээрх бодлогуудаас хэрэгжүүлсээр байгаа ч эдийн засгийн суурь төрөлжилт болон гадаадын хөрөнгө оруулалт хязгаарлагдмал хэвээр байсаар байна.
Монголын хөрөнгийн зах зээлд цаашдаа
2022 онд банкны тухайн хуульд өөрчлөлт орсноор топ 5 банк олон нийтэд хувьцаагаа санал болгож хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2022 - 2023 онд 1.7 дахин буюу ₮4.7 их наядаар нэмэгдсэн. Эдгээрээс гадна Топ 100 аж ахуйн нэгжид багтдаг 88 компани нээлттэй болох боломжтой байгаа нь манай хөрөнгийн зах зээлд өсөх орон зай ихээхэн байгааг харуулж байгаа ба зохицуулагч байгууллагууд үүнийг бий болгохоор ажиллаж байна. Мөн манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсийг 2023 оноос эхлэн УУБ-ээр дамжуулан арилжаалах болсон. 2024 оны 1-р улирлын байдлаар нийт ₮2.5 их наядын арилжаа УУБ дээр хийгдсэн ба цаашид ч мөн өсөх төлөвтэй байна.
Ахин дурдахад хөрөнгийн зах зээл нь оролцогч бүх талуудад үр ашигтай байх боломжийг олгодог. Үнэт цаас гаргагчдад үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бага зардлаар эх үүсвэр татах, харилцагчийн баазыг нэмэгдүүлэх зэрэг олон талын өгөөжтэй. Харин хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны ханшийн өсөлт болон ноогдол ашгаас орлого олохын зэрэгцээ бонд, ХБҮЦ зэрэг хадгаламжаас илүү тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээр хөрөнгөө хамгаалах боломжийг олгодог.
Өдрөөс өдөрт, өсөн нэмэгдэх энэхүү зах зээлд хэн түрүүлж оролцон, тууштай байж чадсан нь амжилт олдог. Хөрөнгө оруулалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авар бол та ЭНД дарж мэдээлээлээ үлдээгээрэй. Манай мэргэжлийн хамт олон тантай холбогдох болно.
Танд Амжилт хүсье.