
2025 оны 01 сарын 23-ны өдөр “Хас банк” ХК өнгөрөгч 2024 оны санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн цахим хэлбэрээр санхүүгийн шинжээчид олон нийтийн өмнө амжилттай танилцуулан өндөрлөлөө.
Хэлэлцсэн асуудал: 2024 оны санхүүгийн үзүүлэлт болон онцлох үйл явдлууд юу байв?
- Цэвэр ашиг 170.9 тэрбум төгрөг
- Нийт хөрөнгө 6.3 их наяд төгрөг
- Зээлийн багц 3.7 их наяд төгрөг болж тус тус өсөлт үзүүллээ.

2024 оны жилийн эцсийн байдлаар компанийн татварын дараах цэвэр ашиг 170.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 20.3%-р өслөө. Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (annualized ROE) 23.4%, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) 162.4 төгрөгтэй хаагдлаа.
Харин 2024 онд нийт активын хэмжээ 6.3 их наяд төгрөг байгаа ба өмнөх оны мөн үеэс 23.4%-аар өссөн байна. Нийт хөрөнгийн 58.5%-ийг зээлийн багц бүрдүүлж 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэхүү үзүүлэлт нь 2023 оны эцсээс 34.5%-ийн өсөлтийг үзүүлжээ.
Зээлийн багцын өсөлтөд бичил жижиг бизнесийн зээл, хэрэглээний зээл болон санхүүгийн түрээсийн багцын өсөлт голчлон нөлөөлжээ.
Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг давуулан биелүүлэв.

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 19.2% (байвал зохих доод хэмжээ 12.5%) байна. Давуулсан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь 6.7% ба аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх болон ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 38.4% (байвал зохих доод хэмжээ 25%) байна. Түргэн борлогдох активын хэмжээ 2,034.2 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа ба бэлэн мөнгөнд түргэн хөрвөх боломжтой Монгол Банкны үнэт цаасанд байршуулан удирдаж байна.
Олон улсын байгууллагуудаас эх үүсвэр татан төвлөрүүлэв.
Бичил, жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон ногоон бизнесийг дэмжихээр Нидерландын Хөгжлийн Агентлаг(FMO), Азийн Хөгжлийн Банк (ADB), Германы Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн Корпорац (DEG), Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк (EBRD), Франц Улсын Хөгжлийн Санхүүгийн Байгууллага (Proparco), rA, Finnfund, TripleJump, DWM, Symbiotics зэрэг байгууллагуудтай нийт 236.0 сая ам.долларын гэрээ байгуулж үүнээс 176.0 сая ам.долларыг татан төвлөрүүлэв.
Цэвэр ашгийн гүйцэтгэлдээ хүрч чадсан уу?

IPO хийх үед 2024 оны цэвэр ашгийн хэмжээг 141.9 сая төгрөгөөр төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 300.1 сая төгрөг болж давсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэвэр ашгийн хэмжээг төлөвлөгөөнөөс давуулсан гүйцэтгэлтэйгээр өндөрлүүлжээ.
“Хас банк” ХК-ийн хувьцааны ханш 2024 онд 30 хувийн өсөлт үзүүлэв.
“Хас банк” ХК-ийн хувьд 2023 онд олон нийтэд хувьцаа санал болгосон бөгөөд хувьцааны анхны ханш 677₮ байсан бол өнгөрсөн хугацаанд дээд ханш 899.9₮, одоогийн ханш 828.1₮ байна.

2024 оны 1 дүгээр сарын 23-ны байдлаар “Хас банк” ХК-ийн P/E ratio 5.09, P/B ratio 1.19 байна.