
ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
ТӨВ БАНКНЫ БОДЛОГЫН ХҮҮ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Хөрөнгө оруулагчдын дунд бодлогын хүүгийн таамаг болон төв банкны шийдвэр чухал ярианы сэдэв болсоор ирсэн. Үүнээс хамаарч зарим хувьцаанууд унаж харин зарим нь өсөх ч боломжтой байдаг гэдгийг анзаарч байсан уу. Үүний цаад учир юу болох ямар зүй тогтол байгааг эхлээд тайлбарлая.
Бодлогын хүү гэж юу болох тухай
Төв банкнаас гадна арилжааны банкууд зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр банкууд хоорондоо богино хугацаат зээл өгөх хүүгийн хэмжээг Federal funds rate гэж нэрлэдэг.
Арилжааны банкууд төв банканд заавал байлгах нөөцийн сан гэх зүйлийг хангаж ажиллах бөгөөд үүний хэмжээ заасан түвшнээс буурсан нөхцөлд яаралтай мөнгө нэмж байршуулах шаардлагатай. Мэдээж энэ нь төлбөрийн эрсдэл үүсэхээс сэргийлэх, хүмүүсийн мөнгийг хурдан хугацаанд хөрвүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Тус нөөцийг хангах, хөрвөх чадвараа алдахгүй байх үүднээс банкууд хоорондоо богино хугацаатай зээлийн үйлчилгээг үзүүлдэг.
Нэгэнт төв банк уг зээлийн хүүг (бодлогын хүү) нэмэгдүүлсэн бол арилжааны банкууд хоорондоо өндөр хүүтэй зээл авах болно. Өртөг өндөр зээл авч хүүгийн зардал ихээр төлж буй банкууд уг зөрүүгээ иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгөх зээлийн хүүгээсээ нөхөх болно. Иймд төв банк бодлогын хүүгээ өсгөвөл зах зээл дээр зээл өндөр өртөгтэй болж ирдэг байна.
Яагаад бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсдэг вэ?

Төв банк ямар нэгэн зорилгогүйгээр дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлж, зах зээл дээрх зээлийн өртгийг нэмж эсхүл бууруулаад байдаггүй. Төв банкны эдийн засагт нөлөөлөх зорилго бүхий мөнгөний бодлогын хэрэгсэл бол бодлогын хүү. Уг хүүгээр дамжуулж зах зээл дээрх мөнгөний хэмжээг өөрчлөх боломжтой. Жишээ нь инфляц өндөр болох эрсдэл их байгаа бол төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, арилжааны банкуудын зээл гаргалтыг багасгах болно. Ингэснээр зах зээл дээр мөнгө багасаж, хөрөнгө оруулалт болон зарцуулалт буурах бөгөөд эрэлт нь багассан барааны үнэ буурах буюу инфляц буурдаг. Харин эдийн засаг удааширч, ажилгүйдэл нэмэгдэх эрсдэлтэй байвал бодлогын хүүг нэмж, зах зээл дээр мөнгөний хэмжээг нэмэх ба хөрөнгө оруулалт, зарцуулалт өсөх тул ажиллах хүчний эрэлт ч бий болдог.

Манай улсын хувьд Монгол банк уг зохицуулалтыг гүйцэтгэх бөгөөд бусад улс орнууд ч бодлогын хүүгээ тухай бүр өөрчилж эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангахаар ажилладаг.
Дээрх графикт МУ-тай ижил эдийн засаг болон геополитик бүхий хоёр улсын инфляцын түвшинг харуулж байна. 2008 онд үүссэн эдийн засгийн хямралын дараа инфляц буурсан болохыг харж болно. Мөн хил хориг үүссэн 2019 оноос хойш инфляц өсөж 2024 онд уг үзүүлэлт буурчээ.

2019 оноос хойш өссөн инфляцын нөлөөгөөр улсуудын төв банк бодлогын хүүгээ өсгөсөн болохыг доорх графикаас харж болно. 2024 онд инфляц 3 улсын хувьд буурч байсан бөгөөд үүнийг дагууд бодлогын хүү ч буурсан дүр зурагтай байна. Харин 2025 он гарснаас хойш инфляц өсөж байгаа тул Монгол банк бодлогын хүүгээ 2 хувиар нэмж 12 хувьд хүргээд байгаа билээ.
Хөрөнгийн зах зээл бодлогын хүүтэй хэрхэн уялддаг тухай
Бодлогын хүү нь арилжааны банкуудын зээлийн хүүг өөрчилж байдаг тухай дээр дурдсан. Тэгвэл хувьцаат компаниудын хувьд ч зээл авах тохиолдол түгээмэл болохыг мартаж болохгүй. Бодлогын хүү өсөж, банкуудын зээлийн хүү дагаад өсөх үед тус компаниуд зээлийн хүүгийн төлбөр өндөр төлөх аль эсвэл зээл авах оновчтой үеийг хүлээх буюу үйлдвэр, төсөл хөтөлбөрөө санхүүжүүлж үйл ажиллагаагаа тэлэхээ түр зогсооно. Үүнээс шалтгаалаад компанийн ашигт ажиллагаа буурна. Иймд бодлогын хүү өндөр байх нь хөрөнгийн зах зээл дээрх компаниудын хувьцааны ханш буурах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Үүнийг өөрөөр тайлбарлавал компанийн үнэлгээ рүү анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ бол тухайн компаниудын ирээдүйд олох мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийн нийлбэр байдаг. Ирэх 5 эсвэл 10, 15 жилд олох аливаа компанийн мөнгөн урсгалын өнөөдрийн үнэ цэнийг тооцохдоо мэдээж хорогдуулалтын хувийг ашиглах бөгөөд уг хувь нь манай зээлийн хүүтэй холбогддог. Тус хүү өндөр байвал компаниудын өнөөгийн үнэ цэн буурах юм.
Хөрөнгийн зах зээлийн хэмжээ болон хөгжлөөрөө дээгүүрт ордог АНУ-ын хувьд бодлогын хүү олон хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байдаг.

2020 оноос 2022 оны дунд үе хүртэл АНУ-ын төв банк бодлогын хүүгээ бага хэмжээнд хадгалсан бөгөөд тус хугацаанд хөрөнгийн зах зээлийн гол индекс SPY өсөлтийг үзүүлсэн болохыг графикаас харж болно. Харин үүнээс хойш бодлогын хүүг нэмэгдүүлж дагаад ХЗЗ-ийн өсөлт удаашрах нөхцлийг бүрдүүлжээ. Бусад хүчин зүйлийн нөлөөлөл байх хэдий ч бодлогын хүү болон ХЗЗ-ийн уялдаа холбоог тус жишээгээр тайлбарлах боломжтой юм. Таны хөрөнгө оруулалтын шийдвэр дээрх хүчин хүчин зүйлсийг тооцоолсон байдаг уу? Хэрэв үгүй бол мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үнэт цаасны компаниас авч ямар санхүүгийн бүтээгдэхүүнээр багцаа дүүргэхээ шийдээрэй. Учир нь бодлогын хүү өссөн үед хувьцааны зах зээлийн өсөлт буурдаг ч үүний дотор банк болон бусад зээлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын хувьцааны ханш ганцаараа өсөх боломжтой байдаг. Зээлийн хүү нэмэгдсэн, олдоц бага байгаа үед тус салбарын компаниуд ашиг, орлогоо нэмэх боломжтой байдаг нь үүний шалтгаан болж байгаа юм.
Түүнчлэн тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгслийн өгөөж бодлогын хүү өссөн үед дагаад өснө гэдгийг мартаж болохгүй.