
Түмэн Шувуут ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тэмдэглэл.
"Түмэн шувуут" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 27-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлаар 2023 оны санхүүгийн тайланг хэлэлцэн батлаж ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох, ТУЗ-ийн цалин урамшууллын зардлын төсвийг батлах асуудлууд тавигдаж шийдвэрлэсэн.
Бүтээн байгуулалт ба хүчин чадал
- Өнгөрсөн жил Түмэн шувуут 2 фермийг шинээр барьж, бүрэн ашиглалтад оруулсан бөгөөд тус төслийн хувьд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой аж. Уг ферм ашиглалтад орсноор 32 тэрбум төгрөгийн борлуулалт хийх тооцоолол хийгдсэн ба 80 хүний ажлын байр шинээр үүсжээ. Компанийн хувьд 2022 онд 97.7 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлсэн бол 2023 онд 117 (+16%) сая ширхэг өндөг үйлдвэрлэж, хүчин чадлаа цаашид улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Одоогийн байдлаар "Түмэн шувуут" хувьцаат компани 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай, нийт 600 мянган өндөглөгч тахиатай, 200 мянган дэгдээхэйтэй, нэг ээлжиндээ 153 мянган ширхэг өндөг дарах хүчин чадал бүхий инкубаторын цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Санхүүгийн байдал, ашигт ажиллагаа
- 2023 онд борлуулалт ₮63.8 (+38%) тэрбумд хүрсэн бөгөөд өмнөх жил 46.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэвийн түвшинд буюу сүүлийн хоёр жилд 92-93 хувьтай байна. Нийт зардлын хувьд өмнөх оноос 36 хувиар өссөн бөгөөд үүнд валютын ханшийн өөрчлөлт, түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлсөн тухай компанийн зүгээс мэдэгдсэн юм. Хэдий зардал өссөн ч 2023 онд цэвэр ашиг ₮11.4 тэрбумд хүрсэн ба өмнөх оны гүйцэтгэлийг 110 хувиар давуулсан биелүүлж чаджээ.
- Нийт хөрөнгө ₮51.8 тэрбумаас ₮67.6 (+31%) тэрбумд хүрсэн бөгөөд өр төлбөр ₮17.5-аас ₮24.1 тэрбум болж өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. “Түмэн шувуут-2” төслийн 6,7,8-р өндөглөгчийн байрнууд, өндөгний агуулах, агуулахын тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх зорилгоор ХХААХҮЯ-ны тахианы аж ахуй эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр Голомт банкнаас 8.5 тэрбум төгрөгийн зээл авсан. Мөн тэжээлийн түүхий эд худалдан авах зорилгоор дээрх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр Хаан банкнаас 1 тэрбум төгрөгийн зээл тус тус авсан байна.
- Хуримтлагдсан ашиг ₮22.6 тэрбумаас ₮31.8-д хүрсэн эерэг үзүүлэлттэй байна. 2023 оны цэвэр ашгийн 30%-ийг Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах шийдвэрийг гаргаж, нэгж хувьцаанд 17.1 төгрөг тараах шийдвэр баталсан.

Ирэх жилүүдэд компани юу төлөвлөж байгаа вэ?
2024 онд Түмэн шувуут 3 төслийг үргэлжлүүлж 2026 он гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт шувууны тоо толгой 1,000,000-д хүрч, жилд нийт 230 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой болох аж. МУ-ын Засгийн газраас өндөгний хэрэглээгээ 100 хувьд дотоодоос хангадаг болох зорилт тавиад байгаа ба хүн амын тоо болон өндөг хэрэглэх давтамж өсөн тэлсээр байгаа нь компанийн борлуулалт нэмэгдэх орон зайг бүрдүүлж байна.