Хөрөнгийн зах зээл
2 min read
Алдагдалтай хөрөнгө оруулалтын шалтгаан: Сэтгэл зүй
Алдагдалтай хөрөнгө оруулалтын шалтгаан: Сэтгэл зүй

Зах зээлийн чиг хандлага, эдийн засгийн байдал, дутуу болон буруу мэдээлэл, цар тахал, дайн зэрэг олон шалтгааны улмаас хөрөнгө оруулалт алдагдалтай байх боломжтой. Гэвч бидний анзаардаггүй өөр нэгэн хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын сэтгэл зүй юм.

Та өөрийн гаргаж байсан “муу” хөрөнгө оруулалтаа эргэн санаарай. Тухайн үеийн аль болох хурдан ашиг хүртэх гэсэн хүсэл, олны дундаас хоцрох гээд байгаа мэт мэдрэмж тухайн “муу” шийдвэрт нөлөөлсөн байх өндөр магадлалтай. Ихэнх хүмүүст тохиолддог сэтгэл зүйн “rollercoaster” буюу тогтворгүй байдлыг дараах зургаар дүрсэлж болох юм.

Image

Бидний мэдэхээр хүний зан төлөвийг түгээмэл үндсэн 4 бүлэгт хувааж авч үздэг. Тэгвэл хөрөнгө оруулалтын тухайд дараах байдлаар хүмүүсийг ангилан үзэх боломжтой. Үүнд:

1. Эрсдэл үл тоогч

Энэ төрлийн хөрөнгө оруулагчдын хувьд ашиг нэн тэргүүнд байдаг бөгөөд эрсдэлийг хоёрдугаарт тавьдаг. Мѳн зан төлөвийн хувьд зоригтой, түргэн хүмүүс. Цаашлаад зах зээл уналттай үед сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдалд ордоггүй, урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийдэг мөн тодорхой хэмжээний уналт байх л болно гэдгийг ухаарсан байдаг.

2. Эрсдэл хүлээхээс зайлсхийгч

Зарим хөрөнгө оруулагчид зах зээл уналттай үед ч алдагдал хүлээхгүй байхыг туйлын ихээр хүсдэг. Ихэвчлэн хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг, зах зээлд урт хугацааны уналт ирэх таамаглал гарвал бүх хувьцаагаа зарж орхидог хүмүүсийг энэ төрөлд хамааруулан авч үздэг байна.

3. Хамгаалагч

Энэ бүлэгт багтах хүмүүс хувьцааны хөрөнгө оруулалт гэхээс илүү бондыг сонгодог. Ихэвчлэн мөнгөө алдах айдсаас үүдэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ болгоомжтой гаргадаг төрлийн хүмүүс.

4. Тэнцвэр хадгалагч

Бонд, хувьцаа болон бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаг. Энэ төрөлд багтах хүмүүс олон төрлийн санхүүгийн хэрэгсэл тус бүрийн эрсдэлийн зэрэглэлийн талаар сайн ойлголттой байдаг.

Та ямар ч төрлийн зан төлөвтэй байсан хөрөнгө оруулалт хийхдээ дараах асуултуудыг өөрөөсөө асууж, оновчтой шийдвэр гаргаарай.

  • Миний тэсвэрлэж чадах хамгийн дээд алдагдал хэд вэ?
  • Энэ хөрөнгө оруулалтыг урт хугацаанд хийж байгаа юу?
  • Би хангалттай хэмжээнд судалгаа хийж чадсан уу?
  • Эцэст нь уг шийдвэр, миний хөрөнгө оруулалтын арга барилтай таарч байгаа юу?

Дээрх асуултад буруу хариулт гэж байхгүй бөгөөд та өөртөө шударга байж чадвал өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг таньж мэдэх, цаашид хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах боломжтой. Мөн та ЭНЭХҮҮ холбоос дээр дарж, бидний бэлтгэсэн асуулгыг бөглөснөөр өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвөө мэдэх боломжтой.

Эцэст нь, таны хөрөнгө оруулалтын туршлага, судалгаа шинжилгээ гээд гол хүчин зүйлүүдийг орхигдуулж болохгүй. Ямар ч зүйлийг тогтвортойгоор, тууштай хийснээр үр дүн гардаг гэдгийг хөрөнгө оруулахдаа ч бүү мартаарай.