
Хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргах, санхүүжилт татан төвлөрүүлэх сонирхолтой компаниудад зориулсан “Санхүүжилтийн өргөн боломжууд” арга хэмжээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Bluesky Hotel-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 28 гаруй байгууллагыг төлөөлж нийт 50 гаруй хүн оролцсон ба хүрэлцэн ирсэн хүмүүс андеррайтерийн компаниас гадна салбартаа тэргүүлэгч Өмгөөллийн “Хаанлекс Партнерс” ХХН болон “Онч Аудит” ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдээлэл, зөвлөгөө авсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
МҮЦАЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга: Б. Буянхишиг
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь 1995 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлэн 2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үнэт цаасны зах зээл дэх анхны Өөрийгөө зохицуулах байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж байна. Биржийн бус зах зээл нь 2021 оноос албан ёсоор үйл ажиллагаа эхлүүлж үйл ажиллагаа эрчимтэй өссөөр байна.
Биржийн бус зах зээлд 2023 оны байдлаар нийт 63 үнэт цаас гаргагчийн, 1,065.7 сая төгрөг бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 836.5 сая төгрөгийг татан төвлөрүүлэхээр зарласнаас 829.5 сая төгрөгийг бодит татан төвлөрүүлсэн байна.
Ингэснээр биржийн бус зах зээл 2021 оны 9 сард анхны өрийн хэрэгслээ бүртгэж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш төгрөгөөр 2,441.4 сая үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг бүртгэж, 1,781.9 сая төгрөгийг татан төвлөрүүлэхээр зарласнаас 1,743.1 сая төгрөгийг бодит татан төвлөрүүлсэн байна. Харин доллароор 71 сая ам.долларын үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 45.5 сая ам.доллар татан төвлөрүүлэхээр зарласнаас 45.5 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Үнэт цаас гаргагч нь биржийн болон биржийн бус зах зээлд үнэт цаас гаргах боломжтой ба дараах шаардлагууд тавигддаг. Биржийн бус зах зээл (OTC Market) нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгон гаргасан үнэт цаасны хоёрдогч зах зээл бий болох, хөрвөх чадвар сайжирч, мэдээллийн ил тод байдал хангагдах зэрэг давуу талуудтай юм.

“ХаанЛекс Партнерс” ХХН Гүйцэтгэх захирал: И.Учралбаяр
“ХаанЛекс Партнер” ХХН нь банк санхүү, үнэт цаас, дэд бүтэц болон эрчим хүчний салбар голчлон хууль зүйн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Монголын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг юм.
Хөрөнгийн зах зээлд үнэт цаас бүртгүүлэхдээ холбогдох журмын дагуу хэд хэдэн агуулгаар хууль зүйн дүгнэлт гаргуулдаг. Жишээлбэл:
- Үнэт цаас гаргагч нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж бүртгэгдэж, компанийн дүрэм, үнэт цаас гаргах шийдвэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан эсэх;
- Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл, үйл ажиллагаанд голлох ач холбогдол бүхий гэрээ нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу хийгдсэн эсэх;
- Үнэт цаас гаргагчийн эрх бүхий албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан эсэх
- Үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, лиценз, зохиогчийн эрх, патент, бараа, үйлчилгээний тэмдэг нь хүчин төгөлдөр эсэх гэх мэт хэд хэдэн агуулгаар тухайн үнэт цаас гаргагчтай холбогдох хуулийн дүгнэлтийг гаргуулдаг байна.
“Онч Аудит” ХХК Аудитын партнер Б.Анхтайван
Үнэт цаас гаргагч нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар жилийн эцсийн санхүүгийн тайлангаа аудит хийлгэх шаардлагатай ба энэ нь тухайн компанийн санхүү, зардал болон дотоод үйл ажиллагаанд ч хэд хэдэн давуу талтай юм.

Бүртгэлтэй аудитын байгууллагаар чанартай аудит хийлгэснээр үнэт цаас бүртгүүлэхэд дахин аудит хийлгэх шаардлагагүй буюу зардлын хувьд хэмнэлттэй юм. Мөн компанийн санхүүгийн үйл ажиллагаанд чанартай хяналт шалгалт хийлгүүлж, алдаа гарах эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн ажилчдын ур чадвар, мэдлэг сайжрах мөн цаашлаад урт хугацаандаа тайланг үнэн зөв, цаг хугацаандаа гаргадаг болох гэх мэт давуу талуудтай.
“Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б:.Лхамдолгор
Дэлхийн бондын зах зээл 2023 оны байдлаар 133 их.наяд ам.долларт хүрсэн бөгөөд хувьцааны зах зээлийн хэмжээ 109 их.наяд ам.доллар байгаа юм. АНУ нь дэлхийд хөрөнгийн зах зээлийн хэмжээгээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд бондын зах зээл нь хувьцааны зах зээлээс 11 хувиар өндөр үнэлгээтэй байгаа юм. Түүнчлэн тус улсын засгийн газар хамгийн том дүнтэй бондуудыг гаргасан статистиктай байна.
АНУ-д үйл ажиллагаа явуулж буй компаниуд жил тутам ойролцоогоор 1.3 их наяд ам доллартой тэнцэх хэмжээний өрийн бичиг шинээр гарган санхүүжиж байгаа нь дараах шалтгаантай.
- Хугацааны хувьд хурдан санхүүжилт татах;
- Зах зээлийн зохицуулалт, арилжааны идэвх сайн бөгөөд өртөг бага;
- Өрийн хэрэгсэл нь ихэнхдээ мөнгөн хэлбэрээр эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг тул ирээдүйн компанийн ашгийг хуваах, хувь эзэмшилд өөрчлөлт оруулах шаардлагагүй.

Манай улсад биржийн бус зах зээлийн зохицуулалт болон систем хөгжүүлэлтийн ажил 2020 онд дуусаж санхүүжилтийн эх үүсвэрийн шинэ боломжийг компаниуд ашиглах нөгөө талдаа хөрөнгө оруулагчид эрсдэл багатай багц бүрдүүлэх шинэ орон зай нээгдсэн юм. Өнөөгийн байдлаар МУ-ын томоохон аж ахуйн нэгжүүд өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүжилт татаж зах зээлийн үнэлгээ 1.3 их наяд төгрөгт хүрээд байна.
Хэрэв тус арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй ч хөрөнгийн зах зээлд шинээр үнэт цаас гаргах, санхүүжилт татахтай холбоотой мэдээлэл авахыг хүсвэл бид мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахдаа үргэлж нээлттэй байна.