Хувьцаа эзэмшигчдийн хурал
3 min read
Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?

ЦЭВЭР АШИГ БУУРАВ

2022 онд үйл ажиллагааны орлого 22.65%-иар буурч ₮4.24 тэрбумын борлуулалт хийсэн байна. Орлого буурсан нь цэвэр ашиг буурах нэг шалтгаан болсон бөгөөд 2022 онд цэвэр ашгийн хэмжээ 79.71%-иар буурч ₮646 саяын ашигтай ажиллажээ.

2022 ОНЫ БИРЖИЙН АРИЛЖАА

2022 онд нийт ₮580.50 тэрбумын үнэт цаасны арилжаа хийгдсэн байна. ₮343.35 тэрбумын хувьцааны арилжаа хийгдэж 59%-ийг бүрдүүлсэн бол дараагаар компанийн бонд 23%-ийг бүрдүүлж нийт ₮134.06 тэрбумын арилжаа хийгдсэн байна.

Image

НҮҮРСИЙГ БИРЖЭЭР АРИЛЖААЛДАГ БОЛОВ

Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 362 дугаар тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан экспортын нүүрсийг нээлттэй цахим арилжаагаар арилжих боллоо. Ингэснээр дараах дэвшил гарав. Үүнд:

  • Ам нөхцөлөөр $100-оор гардаг байсан бол Хэл нөхцөлөөр $180-оор арилжиж эхлэв.
  • Эрчим хүчний нүүрс 1 тн нь $9-оор арилжаалагддаг байсан бол $73 олж өсжээ.

Бирж одоогийн байдлаар тус нүүрсний арилжааны үнийн дүнгээс 0.1%-ийн шимтгэл авч байна.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА ЭХЭЛСНЭЭР БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЭВ

2023/04/26-ны байдлаар биржээр дамжин ₮939.79 тэрбумын арилжаа хийгдсэн нь 2022 оны бүтэн жилийн арилжааг гүйцээд зогсохгүй 62%-иар давсан үзүүлэлттэй байгаа юм. Арилжааг задлан харвал 68.79 хувийг буюу ₮646.5 тэрбумын арилжааг нүүрсний арилжаа дангаараа бүрдүүлж байгаа юм.

Image

ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК ХАМГИЙН ИХ НҮҮРСИЙГ ЭКСПОРТЛОВ

​Нүүр экспортлогчидХэмжээ /тонн/
Эрдэнэс Тавантолгой ХК704,000
Тавантолгой ХК236,800.
Энержи Ресурс ХХК230400
Хангал Эксплорэйшн ХХК12800

БУСАД УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ТАВААР БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛНЭ

Мөн өнгөрсөн оны 12-р сарын 23-нд уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж 2023 оны 6-р сарын 30-наас эхлэн дагаж мөрдөгдөхөөр болсон. Иймд нүүрснээс бусад үнэт металлууд, таваарууд биржээр арилжаалагдах суурь нөхцөл бүрдэж байгаа юм. Бусад металлууд арилжаалагдаж эхэлснээр биржийн цар хүрээ, орлого нэмэгдэнэ хэмээн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын зүгээс мэдэгдлээ.

Одоогийн байдлаар нүүрсийг зөвхөн спотоор арилжаалж байгаа бөгөөд тус хууль хэрэгжиж эхэлснээр форвард, фьючерс, опцион гэрээнүүдийн арилжаалагдаж эхлэх юм.

IPO ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ

2022 онд багтан IPO хийж нийт ₮11.9 тэрбумыг татан төвлөрүүлсэн бөгөөд үүнээс одоогийн байдлаар ердөө ₮20 саяын зарцуулалт хийжээ. Харин 2023 онд тус дүнгээс ₮6 тэрбумыг зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд зарцуулалтын задаргааг доорх хүснэгтэд харуулав.

Зарцуулалтын ангилал2023 ондНийт
1Мэдээлэл технологийн шинэчлэл сайжруулалт4,293,7129,627,301
2Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох1,739,3762,329,000
НИЙТ6,033,08811,956,301

Мэдээлэл технологийн шинэчлэлд программ хангамжийн шинэчлэл, арилжааны системийн түүхий эд болон деривативын арилжааны модуль, IPO системийн шинэчлэл, МХБ-ын дотоод үйл ажиллагааны автоматжуулалт, дагалдах өгөгдлийн сангийн лицензүүд багтсан ажээ.

2023 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

2023 онд ₮9.43 тэрбумын орлого олж үүнээс үйл ажиллагааны зардалд ₮6.58 тэрбумын зарцуулан ₮2.67 тэрбумын ашигтай ажиллахаар төлөвлөжээ. 2022 онтой харьцуулахад орлого 121%, зардал 81%, цэвэр ашиг 312%-ийн өсөлт үзүүлнэ хэмээн төлөвлөсөн байна.

Image

2023 онд төлөвлөсөн ₮5.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг задлан тодруулахад

  1. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд арилжаалж эхлэхтэй холбогдуулан түүнд тохирсон арилжаа, төлбөр тооцооны цогц систем
  2. Биржийн барилгын засвар шинэчлэлд зарцуулахаар төлөвлөжээ.

Нүүрсний арилжаа идэвхжиж цаашлаад бусад уул уурхайн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдаж эхлэх, хүлээгдэж буй банкны IPO байгаа нь тул тус төлөвлөгөөг хангалттай биелүүлж чадна хэмээн биржийн удирдлага болон ТУЗ-ын зүгээс нэмж дурдсанаар хурал амжилттай өндөрлөв.