Хувьцаа эзэмшигчдийн хурал
3 min read
Монгол Шуудан ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?
Монгол Шуудан ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?

"Монгол шуудан" ХК коронавирус цар тахлын дараа бий болсон валютын ханшийн өсөлт, Орос-Украйны дайнаас үүдэлтэй бий болсон олон улсын илгээмж, шуудангийн үйл ажиллагаа саатах эрсдэлтэй нүүр тулсан ч одоо Ковидын өмнөх үе шигээ үйл ажиллагаа хэвийн болсныг тодотгож хурлыг эхлүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн бүтцийн хувьд 2022 оны эцсийн байдлаар 66% нь төрийн өмч, 20.09% нь Ард санхүүгийн нэгдэл, үлдсэн 13.91% жижиг хувьцаа эзэмшигч нар эзэлж байна. Өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн онцлох үйл явдлыг дурдвал:

  • Олон улсын шуудан илгээмжийг сайжруулах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Эстони Улсын шуудангийн байгууллагатай /Эсти шуудан/ хамтран гэрээ байгуулав. Тус гэрээг байгуулснаар АНУ-ын Amazon, Ebay зэрэг онлайн худалдааны томоохон сайтуудаас хэрэглэгчид 14 хоногийн дотор хамгийн хурдан, хамгийн хямд зардал, найдвартай байдлаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрджээ.
  • Бүс нутгийн дамжин өнгөрөх транзит шуудангийн хэмжээг нэмэгдүүлэн агаарын тээвэр, төмөр зам, автозамын холимог тээврээр шууданг тээвэрлэснээр шуудангийн хурд болон үр ашиг нэмэгдсэн. Түүнчлэн транзит шуудангийн шимтгэлийн хувь нэмрийг 50 хувь нэмэгдүүлснээр компанийн орлогын хэмжээг нэмэгдүүлжээ. ОХУ-ын шуудангийн компанитай өнгөрсөн 3-р сараас хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 7 хоногт 2-3 транзит нислэгийг тогтмол үйлдэж байна.
  • Цахим хөгжил харилцаа холбооны яам болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран харилцагчийн E-Mongolia системээр дамжуулан захиалсан жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхийг хүргэдэг болов.
  • Олон улсын шуудангийн холбоонд өргөн барьсан төсөлд тэнцэж, 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашин болон тоног төхөөрөмж авсан.
  • Мэдээлэл технологийн шинэчлэлтийн хүрээнд 1. Дотоод бүртгэлийн систем; 2. International Postal System 2021; 3. Цалин, Цаг бүртгэл, Хүний нөөцийн Green ERP; 4. Улсын хоорондын гаалийн системд нэгдэх; зэргийг нэвтрүүлэх, шинэчилж сайжруулах ажлуудыг гүйцэтгэв.

ХҮНИЙ НӨӨЦ 2022 оны жилийн эцсийн байдлаар "Монгол шуудан" ХК нь 6 газар, 3 хэлтэс, 5 төв, 7 дүүргийн шуудангийн үйлчилгээний газар, 1 автобааз, 2 шуудангийн үйлчилгээний салбар, 21 аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 327 сумдад нийт 1009 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ 2022 онд нийтдээ 2,115,409 ширхэг шуудангийн илгээмжийг хүлээн авч, ялгаж боловсруулсан. Шуудангйн солилцоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өсч, илгээмжийн хүндийн жин 62.2 хувиар өссөн бол хэвлэл солилцоо 45.6 хувиар буурав. Улс хоорондох транзит шуудангийн хэмжээ 2021 онд 11 сая ширхэг байсан бол 2022 онд 17 сая ширхэг болж өсчээ. 2021 оны 3-р улирлаас жижиглэн ачаануудыг Postnet програмд бүртгэдэг болсноор ачаа бараа алга болох, гэмтэх, бүртгэлгүй илгээмж явуулах зэрэг зөрчлүүдийг бууруулав.

Image Image

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Ард Кредит ББСБ-тэй хамтран олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг EuroGiro системээр дамжуулж 2022 онд нийт 1987 удаагийн давтамжтайгаар 4.9 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай хийсэн. Цаашдаа олон улсын шуудангийн үйл ажиллагаа эрхлэгчдийн конвенцээр зөвшөөрөгдсөн эрхийнхээ дагуу Улаанбаатар хот болон орон нутагт өргөжүүлэхээ мэдэгдлээ.

Image

ОРЛОГЫН ТАЙЛАН 2018 онд 15.4 тэрбумын орлоготой, 1.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн жил 20.4 тэрбумын орлоготой ажилласан ч цэвэр ашиг 451 сая төгрөгт хүрч буурчээ. 2021 онд "Монгол шуудан" ХК Ковидоос үүдэлтэй бүх төрлийн үйлчилгээ шуудангаар дамжуулан гүйцэтгэж байсан учир хамгийн өндөр орлоготой жил байсан. Харин өнгөрсөн жилийн хувьд хөл хорио суларч, шуудан илгээмжийн хэрэгцээ тодорхой хэмжээнд багассан учир 2022 оны орлого 2021 оны орлогоо эвдэж чадаагүйг тайлбарлаллаа. Мөн өнгөрсөн жил 2 тэрбум орчим төгрөгийг зөвлөх үйлчилгээ авч хөрөнгө оруулалтын зардалд бүртгэжээ.

Image

2023 ОНД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУД

  • Чингис Хаан Олон улсын нисэх буудалд шинээр ашиглалтад орж байгаа улс хоорондын шуудангийн ялган боловсруулах төвийг нээж, үйл ажиллагааг эхлүүлэх;
  • Газарт шуудангийн карго терминалийн төвийг нээж ашиглалтад оруулах;
  • Гараас гарт хүргэлтийн үйлчилгээг өргөжүүлж онлайн худалдааг дэмжинэ.
  • Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж буй Монгол шуудангийн цэгийг 100-д хүргэх;