
БОРЛУУЛАЛТ БОЛОН ЦЭВЭР АШГИЙН ХЭМЖЭЭ ӨСӨВ
Монгол Базальт ХК-ийн борлуулалт 2022 онд 23.75 хувиар өсөж 14.2 тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 23.87 хувиар өсөж 1.98 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Нийт борлуулсан бүтээгдэхүүний 33%-ийг базальт лайт, 19%-ийг базальт хауз, 34%-ийг базальт вэнт фасад, 14%-ийг базальт техно марк тус тус эзэлсэн байна.
ШИНЭ ҮЙЛДВЭР
Тэд 2022 оны 9-р сард Базальт Файбер арматурын шинэ үйлдвэрээ нээсэн бөгөөд тус арматур нь базальт чулуунаас мяндсан нийлэг материалыг гарган авч, төмөр арматураас гурав дахин бат бөх, зэвэрдэггүй нягт чанартай гэдгийг удирдлагууд онцолж дурдсан. Уг төсөл нь нийт 5 тэрбум төгрөгийн өртөгтэй бөгөөд одоогийн байдлаар 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг уг төсөлд зарцуулаад байгаа юм. Уг төслөөс 2023 онд 2 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөөд байна.
ХАРЬЦАА ҮЗҮҮЛЭЛТ
Хөрөнгө болон эздийн өмчийн өгөөж 2021 онтой харьцуулахад 2022 онд тодорхой хэмжээнд нэмэгдэж чадсан. 2023/04/25-ны байдлаар үнэ ашгийн харьцаа 6.01, үнэ дансны үнийн харьцаа 0.40 байгаа бөгөөд энэ нь зах зээлийн дунджаар доогуур буюу хямдаар үнэлэгдэж буйг харуулж байна. 2023/04/25-ны өдрийн ханш ₮211.47-той байгаа бол дансны үнэ 2022 оны жилийн эцсийн байдлаар 532.31-тэй байна.
Компани сүүлийн жилүүдэд бүтээмжээ нэмэгдүүлж зардалаа буруулахад ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нэгж бүтээгдэхүүний зардлаа бууруулж чадсанаар бүтээгдэхүүний үнээ 30 хүртэлх хувиар бууруулсан байна. Гүйцэтгэх захирлын дурдсанаар 2018 онд 1 цагт 1 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол бүтээмж нэмэгдэхийн хэрээр 2022 онд цагт 2 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. “2023 онд ч гэсэн бид бүтээмжээ улам нэмэгдүүлж мөн шинэ арматурын үйлдвэрээ өргөжүүлж борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” хэмээн ТУЗ-ын дарга Л.Ариунболд мэдэгдэж хурлыг хаалаа.