Хөрөнгийн зах зээл
3 min read
“Монгол Базальт 2024 оны эхний хагас жилд"
Монгол Базальт 2024 оны эхний хагас жилд

2024 оны эхний хагас жилд Монгол Базальт ХК ₮5.8 тэрбумын борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ₮1.8 тэрбумаар буюу 31.5%-иар өссөн. Тус компани зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор их бүтээн байгуулалтыг өрнүүлж үйлдвэрлэлийн шугам дамжлагаа хүчитгэн ажилласны үр дүнд 137 мянган боодол бүтээгдэхүүн борлуулсан байна. Борлуулалтаа тогтмол 25 гаруй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьсан бөгөөд уг үзүүлэлтээ эхний хагаст хангаж чадсан гэдгээ компанийн зүгээс мэдэгдлээ.

Цэвэр ашгийн хувьд өмнөх оны мөн үеэс 148 сая төгрөгөөр нэмэгдэж ₮511 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Барилгын дулаалгын материал борлуулалт нь улирлын чанартай бөгөөд 1 болон 2-р улирал борлуулалт хамгийн бага байдаг үе юм. Борлуулалтын оргил үе нь 3 болон 4-р улирал бөгөөд нийт борлуулалтын 70 хувийг бүрдүүлдэг байна.

2024 эхний хагас жилийн санхүүгийн голлох үзүүлэлт:

Image Image

Технологийн сайжруулалт хийж бүтээгдэхүүний гарц нэмэгдсэн.

Өнгөрсөн жилүүдэд Монгол базальт ХК нь Европын сэргээн босголтын банкны зөвлөхүүдтэй хамтран ажиллаж технологийн сайжруулалт хийснээр 1 цагийн гарц бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь 1 цагийн гарц 1-1.5 тонн байсан бол 2023 оноос эхлэн 2.5 тонн хүртэл нэмэгдүүлж чадсан нь өнгөрсөн оны хамгийн том амжилт нь байв.

Бүтээгдэхүүний хувьд

Image

Монгол Базальт ХК-ийн дулаан тусгаарлагч материалын үйлдлвэр нь 2024 эхний хагас жилийн байдлаар 1,323 тонн хөвөн үйлдвэрлэсэн. Шугам хоолойн дулаалгын цехэд нийт 4001 метр шугам, яндан хоолойн дулаалга хийж гүйцэтгэсэн байна.

Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн нь

2023 онд тэд Монгол Базальт ХК нь Европын сэргээн босголт хөгжлийн банкны Олон улсын зөвлөх хөтөлбөртэй хамтран ажилласнаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, өндөр чанартай чулуун хөвөн дулаалгын материалын үнийг 35%-р бууруулж зах зээлийн өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлсэн.

Зах зээлийн 80% хувийг эзлэх зорилттой

Монгол Базальт ХК нь үйлдвэрлэлийн өртөгийг бууруулснаар импортын дулаалгын хөөсөнцөр хавтангын үнээс хямд бүтээгдэхүүнээ борлуулж байгаа нь дотоодын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх боломж нэмэгдсэн. Жилд 40 орчим тэрбум төгрөг эргэлддэг зах зээлд импортоор ₮25 тэрбум төгрөгийн дулаалгын хөөсөнцөр орж ирдэг судалгаа байдаг. Монгол Базальт компанийн хувьд импортын бараа бүтээгдэхүүний 50 орчим хувийг эзлэх төлөвлөгөөтэй бөгөөд ингэснээр нийт зах зээлийн 80%-ийг дангаар нийлүүлэх боломжтой болох юм.

Үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд 2 дахь үйлдвэрийг ашиглалтанд оруулах дөхсөн болохыг компанийн гүйцэтгэх захирал А. Энхгэрэл мэдэгдсэн. Энэхүү үйлдвэрлэл ашиглалтанд орсноор бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30%-иар нэмэгдэхээр байна.

Ирээдүйн төлөвлөгөө

  • Олон улсад экспорт хийх төлөвлөгөөтэй бөгөөд эхний алхамаа хийсэн нь Тайвань улсруу 1 чингэлэг дулаалгын материал хөдөлсөн. Энэхүү экспорт амжилттай болсон тохиолдолд олон улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх маш том боломж нээгдэнэ гэж харж байгаагаа мэдэгдсэн.

  • Узбекстан улсад үйлдвэрээ барихаар ТЭЗҮ хийгдэж эхэлсэн бөгөөд Узбекстан улстай хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.