

Meta Platform Inc буюу хуучнаар Facebook нь 3.96 тэрбум идэвхтэй харилцагчидтай, дэлхий хамгийн том олон нийтийн цахим сүлжээний компани. Family of Apps болон Reality Labs гэсэн үндсэн 2 сегментд үйл ажиллагаа явуулдаг. Family of Apps: Facebook, Instagram, Messenger, WhatsApp зэрэг цахим сүлжээ багтдаг ба эдгээр нт компанийн нийт орлогын 98 хувийг бүрдүүлдэг. Reality Labs нь Виртуал ертѳнцийн зах зээлд хөгжүүлэлт хийж байгаа ба одоогоор алдагдалтай ажиллаж байна.


Компанийн 13.51 хувийг үүсгэн байгуулагч Mark Zuckerberg эзэмшдэг бол үлдсэн хувийг дараагаар Vanguard, Fidelity, BlackRock зэрэг хөрөнгө оруулалтын байгууллагууд болон бусад хөрөнгө оруулагчид эзэмшдэг байна.


2023 оны 3-р улирлын буюу хамгийн сүүлийн байдлаар компанийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 23.2%, үйл ажиллагааны ашиг 142.5%, цэвэр ашиг 168% өсөөд байна. Мөн идэвхтэй харилцагчдын тоо 7 хувиар өссөн байна. Дээрх эерэг үзүүлэлтүүд болон эдийн засгийн макро нөлөөллөөс үүдэлтэй META хувьцааны ханш мөн 192.5% өсжээ.

Дэлхий дээр 5.16 тэрбум хүн интернэт ашиглаж байгаа бол үүний 58% нь Facebook хэрэглэж байна. Зах зээлд нэмэгдээд удаагүй ч олны анхаарлыг татаж буй өрсөлдөгч бол яахын аргагүй Tiktok. 2016 онд байгуулагдсан энэхүү Хятад компани нь сүүлийн 7 жилийн хугацаанд 1.6 тэрбум харилцагчтай болоод байна.

TikTok-ийн харилцагчдын тоо 2020-2021 онд идэвхтэй нэмэгдэж байсан ч 2022 оноос эхлэн дэлхийн зарим улсуудад ашиглахыг хориглосноос үүдэлтэй шинэ хэрэглэгчдийн тоо харьцангуй буураад байна.

- PE ratio /үнэ ашгийн харьцаа/ - Хувьцааны ханшийг нэгж хувьцаанд ногдох ашигт харьцуулдаг бөгөөд компанийг хэр үнэтэй эсвэл хямд үнэлэгдэж байгаа илтгэдэг үзүүлэлт юм. Тус үзүүлэлтийг 22-с бага байвал тохиромжтой үздэг.
- ROA /нийт хөрөнгийн өгөөж/ - Нийт хөрөнгөө ашиглаж хэр зэрэг ашигтай ажиллаж байгааг харуулдаг. Нөгөө талаар нийт хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж байгааг харуулж буй харьцаа үзүүлэлт юм. Тус үзүүлэлт нь өндөр байх тусам компани хөрөнгөө илүү үр дүнтэй зарцуулж байгааг илтгэдэг байна.
- ROE /Эздийн өмчийн өгөөж/ - Тус үзүүлэлт нь компанийн удирдлага өөрийн хөрөнгийг ашиглаж хэр үр дүнтэй ажиллаж байгааг хэмждэг хэмжүүр юм. Өндөр байх тусам компани өөрийн хөрөнгийн санхүүжилтээ илүү үр дүнтэй ашиглаж байгааг илтгэдэг.
- Cash flow - Компанийн орох болон гарах мөнгөн хөрөнгийн зөрүүгээр цэвэр мөнгөн урсгал гарч ирдэг бөгөөд тус үзүүлэлт нь эерэг мөн жил бүр өсөж байх нь сайн үзүүлэлт юм. Зарим компанийн цэвэр ашиг өсөж байгаа хэдий ч цаанаа мөнгөн урсгал нь сөрөг эсвэл бууралттай байх боломжтой тул зайлшгүй харах шаардлагатай үзүүлэлтүүдийн нэг юм.
- Price/ FCF - Үнэ/FCF (Үнэ ба Чөлөөт мөнгөн гүйлгээ) харьцаа нь компанийн зах зээлийн үнэ цэнийг чөлөөт мөнгөн урсгалтай нь харьцуулан үнэлдэг.