
Системийн 5 банкны нэг Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн хурал 2023 оны 4-р cарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хурлын үед байгууллагын удирдах албан тушаалтнууд 2022 оны үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэл болон 2023 оны төлөвлөгөөг танилцууллаа. Үүнтэй холбоотой чухал мэдээллээс дурдвал:
Үйл ажиллагаа
Голомт банкны хадгаламж 2022 онд 5.1 хувиар өсөж ₮5.7 их наяд хүрсэн ба цэвэр зээл 3.7 их наяд буюу өмнөх жилээс 10.7% өссөн байна. Энэхүү зээлийн өсөлт арилжааны банк дундах хамгийн өндөр өсөлт байлаа. Мөн тэд өнгөрсөн онд ₮116.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж 349% өсөв.

Голомт банкны цэвэр хүүгийн орлого 36.7 хувиар нэмэгдэж 385.6 тэрбум хүрсэн бол хүүгийн бус орлого 191.6 хувиар нэмэгдэж 141.7 тэрбум төгрөгт хүрсэн нь цэвэр ашиг үлэмж нэмэгдэхэд хүргэжээ. Энэхүү үйл ажиллагааны бус орлогын дийлэнх хэмжээг олон улсын валютын худалдаа эзэлж байна. Тухайлбал 2022 онд олон улсын геополитик болон эдийн засгаас үүдэлтэй евро, юань зэрэг мөнгөн дэвсгэрт дээр ашигтай арилжаа хийсэн гэж Нирихико Като гүйцэтгэх захирал мэдэгдсэн.

IPO ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТ
2022 оны 12-р Сарын 8 өдөөр ҮЦТХТ дамжин нийт 118.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн ба одоогоор 33.1 тэрбумыг зарцуулаад байна.
Зарцуулалт | Дүн | Эзлэх хувь |
---|---|---|
Үнэт цаас гаргахтай холбоотой зардал | 2.1 тэрбум ₮ | 1.77% |
Зээл олголт | 31.0 тэрбум ₮ | 26.09% |
Ашиглагдаагүй нөөц | 85.7 тэрбум ₮ | 72.14% |
Нийт | 118.8 тэрбум ₮ | 100% |
Зээл олголтын 11.5 тэрбум/37.3%/-ыг том аж ахуйн нэгжийн бизнесийн зээл, ЖБД болон иргэдэд олгосон бизнесийн зээл 8.1 тэрбум/26%/-ыг олгосон. Харин хэрэглээний зээлд 6.4 тэрбум буюу 20.7%, орон сууц 5 тэрбум(16%) зэргээр олгоод байна. Ашиглагдаагүй байгаа 85.7 тэрбумыг Монгол Банкны үнэт цаасанд байршуулсан ба төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олголтыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
2023 оны төлөвлөгөө
- 2023 онд тэд өөрсдийн нийт зээлийг 4,514 тэрбум хүргэж зах зээлд эзлэх хувиа 17.3-18..4% болгож нэмэгдүүлэх
- Харилцагчийн эх үүсвэрийг нэмэгдүүлж 6,207 тэрбум хүргэх буюу 8% нэмэх
- Цэвэр ашгийг 2022 оноос 20% нэмж 140 тэрбумд хүргэх, зэрэг зорилтуудыг Голомт банк тавьсан байна.
Шинэ бүтээгдэхүүний хувьд тэд Social Pay 3.0 буюу хэрэглэхэд илүү хялбар, шинэ хувилбарыг болон гар утсанд суурилсан ПОС нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Мөн жулчид болон худалдаачдад зориулж WeChat болон Alipay-ээр дамжуулан төлбөр хүлээн авах, төлөх боломжтой болгохоор төлөвлөөд байна.