
Говь ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 4-р сарын 29-ний 88.61%-ийн ирцтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Борлуулалтын орлого нэмэгдэв
2023 онд ₮255.6 тэрбум буюу түүхэндээ хамгийн өндөр борлуулалттай ажилласан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.1%-иар өссөн үзүүлэлт болжээ. 2023 онд жуулчдын эрэлт болон дотоодын иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, нэхмэл болон сүлжмэл бүтээгдэхүүн нь жуулчдын хамгийн их худалдан авалт хийсэн бараа бүтээгдэхүүний нэг болсон нь борлуулалт орлого өсөх гол шалтгаан болжээ. Түүнчлэн гадаад жуулчдын борлуулалтын нийт 75%-ийг Солонгос жуулчид бүрдүүлж байна.

Экспортын борлуулалтын хувьд компани 2023 оны зорилтын хүрээнд цөөн тооны чанартай стратегийн харилцагчидтай хамтран ажиллах бодлогын хүрээнд 18 улсын нийт 51 харилцагчид ₮59.5 тэрбумын борлуулалт хийж өмнөх онтой харьцуулахад 30%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Борлуулалтын орлогын задаргаа
Борлуулалтын орлогын дийлэнх хэсгийг буюу 57%-ийг дотоод борлуулалт бүрдүүлсэн байна.

Маркетингийн зардал ₮27.8 тэрбум болж өмнөх оноос 4% буурсан үзүүлэлттэй байна. Харин 2023 оны хувьд нийт маркетингийн зардлын 93% буюу ₮25.9 тэрбумыг гадаад зах зээлийг идэвхжүүлэх зардалд зарцуулж, гадаад зах зээлийн маркетингийн зардлыг өмнөх оноос 10% бууруулжээ.

Санхүүгийн зарим тоон үзүүлэлтүүд /2022 онтой харьцуулсан/

2023 онд жуулчид нийт ₮76.9 тэрбумын орлогыг бүрдүүлсэн бол дотоодын борлуулалт ₮70.1 тэрбумыг бүрдүүлсэн байна. Борлуулсан бүтээгдэхүүний тооны хувьд 36%-иар өсөж 640 мянгад хүрчээ.

2023 оны онцлох үйл явдлууд
Гадаад зах зээлийн тэлэлт
- Казакстан улсад охин компаниа байгуулав.
- Германы Дюссельдорф хотод 10-р сард шинэ салбараа амжилттай нээлээ.
Маркетингийн сувгийн идэвхжүүлэлт
- CNN TV-ийн төлөөлөгчид Made in нэвтрүүлэг Говь ХК-ийн үйлдвэр, дэлгүүр болон компанийн үйл ажиллагааны талаар мэдээлэл бэлтгэж дэлхий дахинд Говь брэндээ сурталчлах нэг алхам болсон.
- Америк, Англи, Герман, Бельги зэрэг улсуудтай хамтран ажилласны үр дүнд 429 нэр нөлөө бүхий хүмүүстэй хамтран ажиллажээ.
Дотоод үйл ажиллагааны сайжруулалт
- Хэрэглэгчдийн нэгдсэн датаг бүрэн хэмжээнд боловсруулан ашиглахын тулд 2023 оноос эхлэн Data Science ашиглаж мэдээллийн нэгдсэн дата платформтой болжээ.
- Үйлдвэрлэлийн процессууд дээр байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг дэмжих эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай $30 саяын санхүүжилтийн гэрээг амжилттай хийсэн байна.
Компани өмнөх жилүүдэд гадаад болон дотоод зах зээлийн маркетингийн үйл ажиллагааны үр дүнгээс зорилтот байнгын харилцагчидтай болж чадсан бөгөөд цаашид энэхүү харилцагчдаа илүү урт хугацаанд хадгалах, санхүүгийн тоон үзүүлэлтээ илүү нэмэгдүүлэх зэрэг төлөвлөгөөний дагуу ажиллах юм.