
2023 оны эцэст Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК бизнесийн бүтцээ шинэчлэн 5 компанийг өөртөө нэгтгэсэн бөгөөд оноосон нэр ээ мөн Премиум Нэксус ХК болгон өөрчилжээ. 2023 онд тус компани нь Улаанбаатар хотод 69 дэлгүүр, орон-нутагт Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий зэрэг аймагт 20 дэлгүүр шинээр нээсэн байна.

2023 онд Компанийн эздийн өмчийг 61.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 35.1 тэрбум төгрөгийн BGF Retail болон Премиум Групп -ээс зээлсэн өрийг хувьцаагаар солиход, үлдсэн 26.5 тэрбум төгрөгийн шинэ хувьцаа гарган IPO ханш болох 208 төгрөгөөр тооцож дараах 5 компанийг нэгтгэжээ. Сэнтрал Коммерс, Сэнтрал Кофе Рөүстинг, Стора Централ зэрэг компаниудыг ямар нэгэн үнэлгээний нэмэгдэлгүйгээр нийт эздийн өмчийн үнэлгээгээр нэгтгэсэн бөгөөд энэ нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон хэмээн компанийн зүгээс мэдэгдсэн.

'Чингис Шар Айраг ХХК' – 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд жилд 1 сая литр шар айргийг үйлдвэрлэж нийлүүлэх хүчин чадалтай. Монгол Улсын шар айргийн зах зээлийн ердөө 1%-ийг ханган нийлүүлдэг учир цааш тэлэх боломжтой томоохон зах зээл хэмээн харж байна. 'Сэнтрал Кофе Рөүстинг ХХК' – Кофены ногоон үрийг ургаж буй улсаас нь шууд худалдан авч, олон улсын стандарт хуурах үйлдэрийг бий болгон CU сүлжээ дэлгүүрт кофе ханган нийлүүлж эхлээд байна. 'Сэнтрал Коммерс ХХК' – 2023 оны 7-р сард Asahi Beer Asia Limited компанитай олон улсын дистрибьютерийн үйл ажиллагаа зохион байгуулах гэрээ байгуулсан. 2023 оны 9-р сараас эхлэн Японы No.1 шар айраг болох Asahi Super Dry шар айргийг 4 төрлийн савлагаатайгаар хэрэглэгчдэд хүргэж байна. 'Стора Централ ХХК' – Онлайн худалдааны салбарт тэргүүлэгч Amazon.com-с бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас шууд захиалан CU-ийн дэлгүүрээс хүлээн авах боломжийг олгодог. 2023 оны 10-р сарын байдлаар 70,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа төдийгүй БНХАУ-ын Taobao цахим худалдааны платформоос бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг нээсэн.
Борлуулалт болон цэвэр ашиг
2023 оны жилийн эцсийн тайлангаа танилцуулсан бөгөөд 2023 онд ₮390 тэрбумын борлуулалт хийсэн нь 49.6%-иар өссөн үзүүлэлт болжээ. Харин алдагдлын хувьд 7 орчим тэрбумаар өсөж ₮32.71 тэрбумд хүрсэн нь өмнөх оноос 27.37%-иар нэмэгдсэн байна. CU дэлгүүрт борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний 50 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд 2023 оны эхний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, валютын өсөлт зэрэг нь сөргөөр нөлөөлж компанийн өртгийг нэмэгдүүлж нийт ашгийн маржин -2%-тай гарсан. Харин 2023 оны 2-р хагаст эдийн засаг буцаж сэргэхийн хэрээр өртөг буурч нийт ашгийн маржин -1%-тай гарсан.

Өртөг буурсаар байна.
Алдагдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь муу мэдээ хэдий ч нөгөө талдаа компанийн өртөг буурсаар байна. Тухайлбал борлуулалтын орлогод эзлэх ББӨ-н хэмжээ жил бүр буурч байгаа бөгөөд үүний хэрээр нийт ашгийн маржин, цэвэр ашгийн маржин нэмэгдсээр 2023 оны жилийн эцсийн байдлаар -1% болон -8.38%-д хүрчээ.

IPO төсөөлөл болон гүйцэтгэл
Одоогоор 374 дэлгүүртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд IPO хийх үед 360 хэмээн төлөвлөж байсан төлөвлөгөөндөө хүрчээ. Мөн нийт хөрөнгө болон борлуулалтын орлого төлөвлөгөөндөө хүрсэн хэдий ч 2023 онд цэвэр ашигтай ажиллана гэсэн төлөвлөгөөндөө хүрч чадаагүй байна.

Цаашдийн төлөвлөгөө
Компанийн хувьд дэлгүүрийн тоо болон борлуулалт нь IPO хийх үеийн амлалтындаа хүрсэн тул, цаашид шинээр нэмэгдсэн бизнес, тэдгээрийн хоорондоо уялдаатай хамтын ажиллагаа болон Премиум Нэксусийн нийт бизнесийн хэмжээнд ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ.