Хөрөнгийн зах зээл
3 min read
Ам.долларын уналт

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. АНУ-ын ойрын ирээдүйн эдийн засгийн хүлээлт

2. Ажиллах хүчний зах зээлийн томоохон өөрчлөлт

3. Ам.долларын уналт

1. АНУ-ын ойрын ирээдүйн эдийн засгийн хүлээлт

Өнгөрсөн 7 хоногт нийтлэгдсэн 6-р сарын макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс үзэхэд АНУ-ын эдийн засаг ойрын саруудад өсөлттэй хэвээр байх төлөвтэй байна. Энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд дараах чиг хандлагыг илтгэж байна:

• Эрсдэлтэй хөрөнгийн үнэ цэнэ өсөх төлөвтэй (жишээлбэл: хувьцаа, крипто гэх мэт)

• Түүхий эд болон олборлох салбарын компаниудад эерэг нөлөөтэй

• Харин ам.долларын ханшийн хувьд сулрах дарамт үүсч болзошгүй байна

Image
Image

2. Ажиллах хүчний зах зээлийн томоохон өөрчлөлт

2025 оны 6-р сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд хэд хэдэн анхаарал татах өөрчлөлт ажиглагдлаа.

Нэгдүгээрт, ADP судалгааны байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, хувийн хэвшлүүдийн ажил олголт өмнөх сараас 33 мянгаар буурсан нь 2023 оны 3-р сараас хойшхи анхны бууралт болж байна.

Эдийн засагчид уг үзүүлэлт 100 мянгаар өснө хэмээн тооцоолж байсан нь биелсэнгүй.

Харин үүний маргааш нийтэд танилцуулсан NFP (Non-Farm Payrolls) буюу хөдөө аж ахуйн бус салбарын ажил эрхлэгчдийн тоо 147 мянгаар нэмэгдэж, эдийн засагчдын 110 мянгын өсөлтийн таамгийг давсан үзүүлэлттэй гарсан байна.

Эдгээр зөрүүтэй үзүүлэлтүүдийн гол шалтгаануудын нэг нь АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй хууль бус цагаачдыг бууруулах бодлого юм.

Уг бодлогын хүрээнд олон гадаад ажилчид ажиллах эрхгүй болж, эсрэгээрээ Америк иргэдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж буйг судлаачид онцолж байна.

Мөн хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил юм. Microsoft, Salesforce, Amazon зэрэг томоохон технологийн компаниудын зарим хэлтсийн 30–50 хувь нь аль хэдийн автоматжсан бөгөөд энэ нь хүний оролцоог бууруулах нэг шалтгаан болоод байна.

Хэдийгээр зарим хөдөлмөр эрхлэлтийн тоон үзүүлэлт буурсан ч, дотоодын ажиллах хүчний оролцоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор татварын нийт орлого өссөн нь хөдөлмөрийн зах зээл дотоодын эх үүсвэрээс тэлж байгааг илтгэж байна.

Image

3. Ам.долларын уналт

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарсаар байгаа ч, ам.долларын индекс он гарснаас хойш бууралттай хэвээр байна.

“Big Beautiful Bill” нэртэй төсвийн хууль батлагдсанаар 2025 оноос 2027 он хүртэлх хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал нэмэгдэх хүлээлттэй байна. Энэ нь ам.долларт дунд хугацааны дарамт үүсгэх нэг шалтгаан болж байна.

Мөн засгийн газрын шахалтаар Холбооны Нөөцийн Сан (Fed) бодлогын хүүг хэтэрхий эрт бууруулбал, эдийн засгийн идэвхжил хэт өсөж, үүний улмаас үйлдвэрлэлийн салбарт инфляц нэмэгдэх эрсдэлтэй. Иймэрхүү нөхцөл байдал өмнө нь Япон болон Туркт ажиглагдаж байсан.

Image

Дүгнэлт

АНУ-ын 6 сарын макро эдийн засгийн мэдээнүүд сайн гарсантай холбоотой эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд болох хувьцаа болон койны зах зээл ирэх саруудад өсөх хүлээлттэй байна.

Хятадын дотоод эдийн засаг эргээд сэргэж байгаа талаар өмнөх 7 хоногийн нийтлэлдээ дурдсан билээ. Тэгвэл Хятадын эдийн засгийн сэргэлт болон ам.долларын сулралаас үүдэн АНУ-ын үйлдвэрлэл сэргэх таамаглалтай байгаа бөгөөд энэ нь таваарын эрэлтийг нэмэгдүүлэх юм. Энэхүү хүлээлт дээр үндэслэн томоохон хөрөнгө оруулагчид зэс болон цөмийн эрчим хүчинд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.

Хөрөнгө оруулагч та манайхаар дамжуулан зэс болон цөмийн эрчим хүчний салбаруудын ETF-үүд болон тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой.

Image