
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ
1. АНУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглал.
2. Ам.долларын уналт.
3. Худалдааны дайны төгсгөлийн үр дагавар.

Ам.долларын ханш 2011 оноос хойш өсөлтийн трендтэй байгаа хэдий ч 2025 оны 2-р сараас хойш ханш огцом унаснаар урт хугацааны өсөлтийн трендийнхээ дэмжлэгийн бүсд ирээд байна.
1. АНУ-ын эдийн засгийн мэдээлэл
Доорх эдийн засгийн өсөлтийн индексээс харахад 4-р сараас хойш АНУ-ын эдийн засаг өсөлттэй байгаа бөгөөд ирэх 10-р сар хүртэл өсөлт үргэлжлэх төлөвтэй байна. Нэмэгдсэн шинэ тариф зарлагдсанаас хойш олон улсын худалдаа бага багаар тогтворжиж, томоохон улсуудын харилцаа холбоо сайжирч, худалдааны хэлэлцээрүүд нааштай шийдэгдэж байгаа зэргээс хамааран хөрөнгийн зах зээл томоохон өсөлтийн үе дээр явж байгаа.

Доорх “The smart money index” буюу мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын идэвхийг харуулах индексийг харахад 5 сараас хойш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн дүр зураг харагдахгүй байгаа бөгөөд 5 сараас хойшх индексийн өсөлтөөс зөвхөн жижиг хөрөнгө оруулагчдын нөлөө харагдаж байгаа юм.

2. АНУ-ын эдийн засгийн мэдээлэл
АНУ-ын ерөнхийлөгч Холбооны Нөөцийн Сан дээр зочлох нь ховор тохиолдол бөгөөд өнгөрсөн долоо хоногийнх 1937 оноос хойш анхны тохиолдол юм. Ерөнхийлөгчөөс Холбооны Нөөцийн Сангийн даргад ирэх дарамт их байгаа бөгөөд улс төрчдийн 17% нь 2025 онд Жероме Повел Холбооны Нөөцийн Санг орхино хэмээн таамаглаж байна.
Харин эдийн засагчдын хувьд Доналд Трамп Жероме Повелыг хүчээр огцруулна эсвэл ирээдүйн эдийн засгийн хүндрэлд түүнийг ашиглах байх гэсэн хоёр таамаглалтай байна.

3. Худалдааны дайныг дуусаж байна гэж харж болох уу?
АНУ-Японы худалдааны хэлэлцээр хийгдсэнээр бид худалдааны дайныг дуусаж байгаа гэж харахад болохоор байна. Салбарын тусгай тариф(жишээ нь зэс)-ыг эс тооцвол зах зээл ч мөн ерөнхийдөө худалдааны дайнтай холбоотой мэдээллүүдийг тийм нь ноцтой хүлээж авахаа больж байгаа.
АНУ-Японы худалдааны хэлэлцээрийн хувьд Япон улс татварын тодорхой хэсгийг ашгийн хуваарилалт болон хөрөнгө оруулалтын механизмаар дамжуулан нөхөж төлөх боломжтой болсон байна. Японтой хийсэн хэлэлцээрийн хувьд 2 чухал зүйл байсан нь 1) шинэчилсэн тариф нь 25%-иас 15% болж буурсан 2) Авто салбар тарифгүй болсон. Энэ нь таваарын салбарт чухал нөлөө үзүүлж байгаа бөгөөд ялангуяа паллади болон зэсийн эрэлт авто салбараас үүдэн Японд голлох эрэлттэй түүхий эд хэвээр үлдэж байгаа юм. Ийнхүү Японтой хийгдсэн худалдааны хэлэлцээр нь дэлхийн авто машины үйлдвэрлэлийн зах зээлд томоохон өөрчлөлтийг бий болгож болохоор байна.
АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрийн эцсийн хугацаа 8 сарын 12 хүртэл сунгагдсан. Ийнхүү АНУ-ын Төрийн Сангийн нарийн бичгийн дарга Бессент болон Хятадын талынхан Стоколм хотод худалдааны дайнтай холбоотой энэ долоо хоногт уулзалт хийнэ. Гэхдээ эдийн засагчдын хувьд АНУ-ыг аль хэдийнээ зорилгодоо хүрсэн гэж харж байгаа бөгөөд одоогоор АНУ-аас Хятадад бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр тарифыг ногдуулсан байгаа юм. Харин Хятадын хувьд байгалийн ховор элементийн худалдааны тал дээр давуу байр суурьтай байна.

Дүгнэлт
Ам.долларын ханшийн уналт үргэлжилсээр урт хугацааны өсөлтийн трендийн дэмжлэгийн бүс дээр ирсэн байна.
Хөрөнгийн зах зээл 4 сараас хойш өсөлттэй байгаа нь жижиг хөрөнгө оруулагчдийн нөлөө бөгөөд томоохон хөрөнгө оруулагчдын хувьд зах зээлд хараахан хөрөнгөө байршуулж эхлээгүй байгаа юм.
АНУ-Японы худалдааны хэлэлцээр Японд тэр дундаа автомашины салбарт томоохон давуу талыг бий болголоо. Харин Хятад улстай энэ долоо хоногт хийгдэх хэлэлцээр хэрхэн явагдах нь эдийн засагчдын анхааралын төвд байна.