Хөрөнгийн зах зээл
3 min read
Хөрөнгийн зах зээлийн аймшигтай зүйл

Хөрөнгийн зах зээлийн аймшигтай зүйл

Хөрөнгө оруулалт, үнэт цаас, хувьцаа гэх мэт үгсийг сонсох төдийд л ихэнх хүмүүс мөнгөө алдах, эрсдэл хүлээх, санхүүгийн сорилттой тулгарах аймшигтай ертөнцийн талаар бодож эхэлдэг. Тухайлбал зарим хүмүүс хувьцааны ханш хэлбэлзэж алдагдалд орохоос айдаг бол өөр хэсэг нь их мөнгөтэй, баян чинээлэг хүмүүс л оролцдог тулааны талбар мэтээр санаж холуур явахыг илүүд үздэг. Үлдсэн хэсэг нь аз шаардсан мөрийтэй тоглоомтой адилтган ихэд эмээдэг байна. Гэтэл хөрөнгийн зах зээлийн хамгийн аймшигтай зүйл эдгээрийн аль нь ч биш юм.

Хамгийн аймшигтай зүйл

Хамгийн гол нь хөрөнгө оруулалт хийхдээ эрсдэл хүлээх чадвар, зорилго, зорилтот хугацааг тодорхойлон мэргэжлийн зөвлөхөд хандан өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох юм. Ингэснээр таны зорилгыг бодит болгох, нэмэлт орлого, эрсдэлийн сан зэргийг үүсгэх хөрөнгө бий болох боломжтой гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулалт бол санхүүгийн чадамжийг тань өсгөх хүчин зүйл юм. Тиймээс хамгийн аймшигтай зүйл бол огт хөрөнгө оруулахгүй байх явдал. Яагаад гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлая.

1. Нас ахиж орлого буурсаар тэтгэвэрт гарах үед хураасан хөрөнгөгүй байх

Тэтгэвэрт гарах үе бол амьдралын онцгой мөч бөгөөд томоохон өөрчлөлтүүд хийгддэг. Тэдгээрийн нэг бол орлого тань буурах хэдий ч зарлага хэвээр байх төдийгүй нэмэгдэх ч боломжтой. Жишээ нь хүүхэд тань их сургуульд орвол сургалтын төлбөр хэрэгтэй болно. Үүнээс гадна эрүүл мэнддээ анхаарах, амрах, аялах хэрэгцээ ч нэмэгдэх нь гарцаагүй хэрэг.

2. Гэнэтийн зүйл тохиолдоход эрсдэлийн сан бий болгоогүйн улмаас өр тавьж, зээл авах.

Осол аваар, өвчин эмгэг зэрэг гэнэтийн зүйлс хэзээ ч хаалга тогшиж магадгүй. Гэсэн хэдий ч урьдчилан сэргийлж мөнгөө хуримтлуулж чадаагүйн улмаас өр тавих, зээл авахаас өөр сонголт үлдэхгүй байж мэднэ.

3. Хангалттай мэдлэг, боловсрол эзэмшиж, туршлага хуримтлуулан зорилгоо биелүүлэх цаг ирэхэд мөнгөгүй байх

Хүн бүрд өөр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилго бий. Тэр бүхнийг бодит болгоход чамгүй их туршлага болон мэдлэг боловсрол хэрэгтэй. Жишээ нь насан туршдаа мөрөөдсөн бизнесээ эхлүүлэхээр зориг шулуудах үед мөнгөгүй бол тэр бүхэн нуран унах магадлалтай.

4. Амьдралынхаа туршид ажиллаж хөдөлмөрлөхөөс өөр зүйл хийж чадахгүй байх

Хүний амьдралд ажиллаж хөдөлмөрлөхөөс гадна аялж зугаалах, амарч тайвшрах, дуртай зүйлдээ цаг гаргах үе зайлшгүй байх ёстой. Гэсэн хэдий ч орлогын ганцхан эх үүсвэртэйгээс үүдэн тасралтгүй ажиллах зэрэг нь жинхэнэ аймшиг юм.

Хөрөнгө оруулалтаа хэрхэн эхлэх вэ?

Амжилттай хөрөнгө оруулалт нь бодит судалгаа, шинжилгээнд суурилсан шийдвэрийн үр дүн бөгөөд та өөрт тохирсон бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн чухал. Ингэхдээ өөрийн эрсдэл хүлээх чадвар болон зорилгыг нарийвчлан тодорхойлж мэргэжлийн зөвлөхөд хандах нь зүйтэй. Мөн хөрөнгө оруулалт хийхэд зөв цаг байдаггүй ч бага мөнгөөр ч хамаагүй эрт эхлэх нь илүү ашигтай гэдгийг санаарай.

Image