Хөрөнгийн зах зээл
3 min read
“Monlogistics 2024 оны эхний хагас жилд"
Monlogistics 2024 оны эхний хагас жилд

2024 оны 7-р сарын 31 өдөр Монложистик компанийн гүйцэтгэх удирдлагууд болон СММ-ийн зүгээс хагас жилийн үйл ажиллагааны тайланг мэргэжлийн байгууллагуудад хүргэх earnings call боллоо. Энэхүү арга хэмжээний онцлох мэдээллийг хүргэж байна. 2024 оны онцлох үйл явдлууд:

  • Хөдлөгч эд анги буюу гал тэрэг таталт амжилттай
  • Teso Group-тэй хамтран ажиллах болов
  • Ашиг ажиллагаа эрс нэмэгдэв

2024 оны статегийн зорилт ба түүний явц

Image

2024 онд компани стратегийн 5 зорилт тавьж ажиллаж байгаа ба хагас жилийн байдлаар 3-ийг нь амжилттай биелүүлээд байна.

2023 онд хөдлөх хөрөнгө худалдан авах буюу гал тэрэг худалдах зорилттой байсан ч цаг үеийн байдлаас үүдэлтэй хойшилсон. Тэд 2024 оны эхний хагас жилд 10 гал тэргийг ОХУ-аас худалдан авч 8-р сараас эхлэн үйл ажиллагаандаа ашиглахаар болжээ. Харин үлдсэн 40 галт тэргийг 2024 оны 2-р хагас жилд худалдан авах төлөвлөгөөтэй байна.

Тэсо Групптэй хамтран ажиллах боллоо.

Тесо группийн охин компани болох “Төв Азийн Зам ХХК”-г өөртөө нэгтэж, уг компанийн 51%-ийн Монложистик групп эзэмших болов. Төв Азийн Зам нь Монгол улсад импорт хийгдэж буй суудлын автомашины зах зээлд томоохон байр суурь эзэлдэг байна. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд компанийн борлуулалт 19%, хүний нөөц 22%-иар нэмэгдэх төлөвтэй байгааг удирдлагууд мэдэгдлээ. Мөн цаашлаад 2 группийн хамтын ажиллагаа нь олон шинэ боломжуудын нээх гарц үүсгэж байна.

Image

Ашиг ажиллагааны нэмэгдлээ

Компанийн борлуулалт 2024 оны 2-р улирлын байдлаар ₮141.9 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 55% өсөөд байна. Цэвэр ашиг ₮6.6 тэрбум буюу өмнөх оны мөн үеэс 46% өсжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлс нь :

Image
  • Тээврийн салбарын нийт ачааны хэмжээ 27.1% өссөн ба Монложистикийн хувьд 12.8% өсөөд байна.
  • Суудлын автомашины импорт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 100% нэмэгдсэн.
  • ОХУ, Европ болон Улаан тэнгист үүсээд буй олон улсын геополитикийн асуудлуудаас үүдэлтэй ачаа тээвэр удааширч байгаа нь компанийн ашигт ажиллагаанд эергээр нөлөөлж байна.

Тэд 2024 онд ₮13-15 тэрбумын цэвэр ашигтай ажиллах төлөвлөгөөтэй байна.

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн задаргаа

IPO хийж татаж төвлөрүүлсэн ₮10.98 тэрбумаас ₮6.7 тэрбумын зарцуулсан байна. M&A буюу Төв Азийн Зам ХХК-д ₮3.5 тэрбум, эргэлтийн хөрөнгөд ₮2.9 тэрбум, хөдлөх бүрэлдэхүүнд ₮398 саяыг зарцуулаад байгаа аж. Үлдсэн ₮4.2 тэрбумын дийлэх хувиар хөдлөх бүрэлдэхүүний хөрөнгө оруулалт буюу ОХУ-аас галт тэрэг авахаар төлөвлөж байна.

Эцэст нь..

Эерэг тал

Хагас жилийн байдлаар компанийн гүйцэтгэл төлөвлөгөөт хэмжээнд хүрч, ба олон онцлох үйл явдлууд болж өнгөрсөн нь хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлж байна. 2024 оны 2-р хагас жилд үлдсэн 40 галт тэргийг худалдан авч, үйл ажиллагаандаа нэгтгэж чадвал 2025 оноос эхлэн борлуулалт улам нэмэгдэх төлөвтэй байна.

Сөрөг тал

Монложистик нь орлого хүлээн авахдаа 80% буюу дийлэнх төлбөрийг гадаад валют тэр дундаа ам.доллароор авдаг. Манай улсын валютын нөөц нэмэгдэн төгрөгийн ханш тогтвортой байгаа нь компанийн төлөвлөөд буй ашиг ажиллагаанд сөргөөр нөлөөлөх боломжтой байна.