
ЛэндМН ББСБ ХК-ийн earnings call болж 2024 оны жилийн тайлангаа танилцууллаа.
2024 онд хүүгийн орлого ₮41.4 тэрбумаар буюу 86%-иар нэмэгдэж ₮89.2 тэрбумд хүрчээ. Харин цэвэр ашгийн хувьд ₮16.3 тэрбумаар буюу 82%-иар нэмэгдэж ₮36.1 тэрбумын ашигтай ажилласан байна.

2024 онд нийт 1 их наяд төгрөгийн дүнтэй 2 сая зээлийг LendMN аппликейшнээр дамжуулан олгосон байна.
Бүртгэлтэй харилцагчдын тоо 1.3 саяд хүрч өмнөх оноос 10%-иар өссөн бол, зээлийн багц 90% өсөж ₮237.7 тэрбумд хүрчээ. Харин ББСБ салбар нийтдээ 2023 онд 3.67 их наяд төгрөгийн зээлийн багцтай байсан бол 2024 онд 5.75 их наяд төгрөг болж 56.4%-иар өссөн байна. Компанийн зээлийн багцын өсөлт салбарын өсөлтөөс өндөр байгааг компанийн зүгээс онцоллоо

Чанаргүй зээлийн хувь 4.1%-иас 4.3% болж нэмэгдсэн байна. Уг үзүүлэлтийг ББСБ салбарын нийт чанаргүй зээлийн үзүүлэлтэй харьцуулахад салбарын дунджаас доогуур байгаа юм.

2024 оны онцлох үйл явдлууд
“Flexi business” хэмээх цоо шинэ санхүүгийн бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.
Нэмэлт бичиг баримт, барьцаа хөрөнгө шаардахгүй үйлчилгээ бөгөөд зах зээлд нэвтэрснээр хойш 10 сарын хугацаанд 35 мянган удаагийн олголтоор нийт ₮153 тэрбумын бизнесийн зээл олгожээ. 2024 оны байдлаар нийт зээлийн багцын ₮60 тэрбум буюу 23%-ийг тус бизнесийн зээл бүлдүүлж байна.
“Plus” хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ шинэчиллээ.
Аппликейшнээр дамжуулан ₮10,000-₮500,000,000 хүртэлх үнийн дүн бүхий итгэлцлийн үйлчилгээг байршуулах боломжтой бүтээгдэхүүнийг шинэчилж зах зээлд нэвтрүүлэв.
LendMN аппликейшны 2.0 хувилбарыг гарган шинэчиллээ.
2024 оны 3-р улиралд харилцагчийн нууцлал аюулгүй байдлыг сайжруулан, илүү олон боломжуудыг багтаасан LendMN 2.0 хувилбарыг гаргасан.
Зах зээлд эзлэх байр суурь
Нийт ББСБ салбарын харилцагчийн тоо 5.1 саяд /давхардсан тоогоор/ хүрсэн бөгөөд үүний 26.4% нь ЛэндМН ББСБ-ын харилцагчаар бүртгэлтэй байна.

Эздийн өмчийн өгөөж 61%-д хүрлээ.
Цэвэр ашиг нэмэгдэхийн хэрээр эздийн өмчийн өгөөж 56%-иар 61% болж нэмэгдсэн байна. Харин нийт хөрөнгийн өгөөж 18% болж 3%-иар буурчээ. Энэ нь нийт хөрөнгийн өсөлт цэвэр ашгийн өсөлтөөс өндөр байгааг харуулж байна.

Хувьцааны ханш 2024 оны эхнээс 2.6 дахин өсч 153 төгрөгт хүрсэн байна. Хамгийн бага хаалтын ханш 53.01 төгрөг байсан бол хамгийн өндөр ханш 179.79 төгрөгт хүрчээ.

Earnings call-ийн үеэр асуугдсан шинжээчдийн голлох асуултууд
1. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ББСБ-уудын зээлийн шалгуурын зохицуулалтыг дээшлүүлэх эрсдэл байгаа юу ?

Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр : Уламжлалт зээлийн өр орлогын харьцааг 70% болгон нэмэгдүүлсэн энэ нь тодорхой хэмжээнд зээл олголтыг бууруулна. Гэвч Финтек зээлийн хувьд 70%-д хэвээр үлдээсэн тул финтек зээлийн олголт буурахгүй.
2. Эх үүсвэрийн тэр дундаа зээл, итгэлцэл, бондын дундаж хүүгийн түвшин хэдтэй байгаа вэ ? Мөн танай гаргаж буй зээлүүдийн дундаж хүүгийн түвшин ?

Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Мөнхтулга : Зах зээл дээр гаргасан бондын дундаж хүү 18.5%-тай байгаа бөгөөд үүн дээр итгэлцэл болон бусад зээл нэмэгдээд эх үүсвэрийн зардлын түвшин 19.3%-тай гарсан байна.
3. Зээлийн багцыг бүтээгдэхүүний төрлөөр ангилбал ямар байгаа эсэх ?

Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр : Зээлийн багцын 25 орчим хувийг бизнесийн зээл 58 тэрбум орчим, 35%-ийг хэрэглээний буюу жижиг зээлүүд /₮4 сая хүртэлх/, 35%-ийг flexi credit line бүтээгдэхүүнүүд тус тус эзэлж байна.
4. Бизнесийн барьцаагүй зээл олгоход эрсэдлийн удирдлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ зээлдэгч авсан зээлээ төлөхгүй байх эрсдэл үүсвэл хэрхэн шийдвэрлэдэг талаар ?

Бизнес хөгжлийн газрын захирал Ж.Сосор : Өөрсдийн олон жилийн хугацаанд хөгжүүлсэн credit scoring систем нь хангалттай сайн гэж үзэж байгаа мөн уг зээлийг худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг мөнгөн урсгал сайтай орлого өндөр бизнес эрхлэгчдэд олгодог. Мөн манай систем нь зээлдэгчийн эргэн төлөлт тасалдах, хугацаандаа төлөгдөж байгаа эсэхэд байнга хяналт тавьж явдаг тул эрсдэлээ тодорхой хэмжээнд хянаж чадаж байна.
5. 2025 оны ашигт ажиллагааны төсөөлөл

Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр : Зээлийн багц 2024 онд 80 гаруй хувь өссөн 2025 онд хамгийн багадаа 30-40% өсөх боломжтой бөгөөд энэ хэрээр орлого цаашлаад цэвэр ашиг өсөх боломжтой.
Компанийн зүгээс 2024 оны цэвэр ашгаас нийт 11 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 15 төгрөгийн ногдол ашиг тараахаар зарласан. 2024 оны хаалтын ханшаар авч үзэхэд ногдол ашгийн өгөөж 10% орчим хувьтай байна.