
2025 оны 1 сарын 31-ны өдөр “Хаан банк” ХК 2024 оны санхүү, үйл ажиллагааны үр дүн, онцлох үйл явдлуудыг нэгтгэн танилцууллаа.
Онцлох үйл явдал
-
Хаан банк салбартаа анхлан инновацын төвийг байгууллаа
-
Картын рэбрэндинг хийж, шинэ бүтээгдэхүүнүүд нэвтрүүллээ
-
DiGipay цахим хэтэвчийг амжилттай нэвтрүүллээ
-
Олон улсын зах зээлд анх удаа нийгмийн бонд гаргалаа
-
21 аймагт “Бизнес төв” байгуулав
2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд

2024 оны жилийн эцсээр нийт активын хэмжээ 20.3 их наяд төгрөгт хүрч Монгол улсад нийт хөрөнгийн хэмжээгээрээ 20 их наяд давсан анхны банк боллоо.
Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 17 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд компанийн татварын дараах цэвэр ашиг 639 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 14%-ийн цэвэр өсөлтийг үзүүллээ.
Нийт зээлийн хувьд 23%-ийн өсөлтийг үзүүлж 11.9 их наяд хүрсэн бөгөөд активын 58.6%-ийг бүрдүүлж байна.
Зээлийн багцын хувьд бизнесийн зээл олголтыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллаж байгаатай холбогдуулан нийт зээлийн багцын 50% бизнесийн зээл, 38% хэрэглээний зээл, үлдсэн 12% орон сууцны зээл эзэлж байна.
НОГООН ЗЭЭЛ
2024 онд тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ногоон зээлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулсан бөгөөд нийт зээлийн багцын 6% буюу 712 тэрбум төгрөгийн ногоон зээлийг олгосон байна.

Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу зохистой харьцаа 17.8% (байвал зохих доод хэмжээ 12.5%) байна.
Давуулсан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь 5.3% ба аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх болон ногдол ашиг тараах боломжийг бий болгож байна.
Хөрвөх чадварын харьцаа буюу төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа мөн адил эерэг буюу Монгол банк болон зохицуулагч байгууллагуудаас тавигддаг шалгуур үзүүлэлтийг давж биелүүлсэн байна.
Өнгөрөгч 2024 онд активын чанарыг дээшлүүлэхэд илүү анхаарч ажилласантай холбоотой чанаргүй зээлийн хэмжээ 4.3% болж буурсан.
Үүнтэй холбоотой өндөр дүнтэй эргэн төлөлтүүдийг нэмэгдүүлсэн.
Тайлант хугацаанд өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 28.9%, нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) ₮334 байна.

IPO хийх үед 2024 оны цэвэр ашгийн хэмжээг 395 сая төгрөгөөр төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 639 сая төгрөг болж давсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэвэр ашгийн хэмжээг төлөвлөгөөнөөс давуулсан гүйцэтгэлтэйгээр өндөрлүүлжээ.
IPO-Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт
-
Цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт – 64.1 тэрбум төгрөг
-
Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт – 62.4 тэрбум төгрөг
-
Орон сууцны хөрөнгө оруулалтын санхүүжилт – 56.9 тэрбум төгрөг

“Хаан банк” ХК олон нийтэд IPO зарласнаас хойш 2024 оны 6 сарын 18-ны өдөр доод цэгтээ буюу ₮1,008 хүрсэн ба 2023 оны хаалтын ханш ₮1,204 байв.
Харин 2025 оны 1 сарын 29-ны байдлаар “Хаан банк” ХК-ийн хувьцааны хаалтын ханш 1,203 төгрөг байна.
2025 онд хаалтын ханшийг тооцоолсон өдрөөрх “Хаан банк” ХК-ийн P/E харьцаа үзүүлэлт 3.6 байна.