
Хүн амын төвлөрөл, хотжилт нэмэгдэх нь зөвхөн улсын эдийн засагт ч гэлтгүй хүмүүсийн хооллох хэв маягт ч нөлөөлдөг билээ.
Хорь гучаад жилийн өмнө манай улсын иргэдийн өдөр тутмын уургын эх үүсвэр нь ихэвчлэн мах, цагаан идээ байсан бол өнөөдөр өндөг хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болжээ.

9 жилийн өмнө манай улсын өндөгний хэрэгцээ одоогийнхоос харьцангуй бага буюу нэг хүнд жилд дунжаар 50 өндөг оногддог байсан бол өнөөдөр 3.7 дахин их буюу 182 ширхэг болж өссөн байна.

Манай улсын өндөгний зах зээл импортоос хамааралтай байгаа ч хэдэн жилийн өмнө лангуун дээр 10 өндөгний 6 нь орос 4 нь монгол байсан бол өнөөдөр 2 нь орос болж буурсан.
Учир нь дотоодын үйлдвэрлэл эрчимтэй өсөж, нийлүүлэлтээ сайжруулсан нь импортын хэрэгцээг багасгаж манай улс өнгөрөгч онд өмнөх жилээс 2 дахин бага өндөг гаднаас худалдаж авахад түлхэц болсон юм.

Иймд ойрын хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн хүлээлттэй байгаа ба зах зээлийн тэргүүлэгч компаниудын үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх томоохон төслүүдэд 2025-2026 онуудад дуусах төлөвтэй байна.
