
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. Банкнуудын зээл олголтын хэмжээ нэмэгдэнэ
2. Натогийн хөрөнгө оруулалт батлан хамгаалалт руу чиглэнэ
3. Хятад тэргүүтэй хөгжиж буй орнууд эргэн ирэлт хийх үү?

Иран-Израилийн дайн дуусаж, Хятадын талаас АНУ-Хятадын худалдааны хэлэлцээрийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 2 талаас гарын үсэг зуралцсаны эцэст хөрөнгийн зах зээл өнгөрсөн баасан гарагийн байдлаар өсөлттэй байлаа. Ийнхүү дээрх графикт харуулж байгаачлан томоохон хөрөнгө оруулагчид, тэр дундаа таваарын хөрөнгө оруулагчид хувьцааны зах зээл рүү хөрөнгөө байршуулж эхэлжээ.
Ийнхүү макро эдийн засгийн тодорхойгүй байдал намжсантай холбоотой өнгөрсөн 7 хоногт газрын тосны Brent индекс 14% орчим, алтны ханш 5% орчмоор унаад байгаа юм.
1. Банкнуудын зээл олголтын хэмжээ нэмэгдэнэ
Өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагийн Холбооны нөөцийн сангийн хурлаар Supplementary Leverage Ratio (SLR) буюу банкнуудын зээл олголтын хөшүүргийг 5%-иас 3.5%-4.5% болгон багасгахаа мэдэгдлээ. Ингэснээр банкуудын зээл олголт нэмэгдэж, зах зээл дээрх мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжтой. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих бол эсрэгээрээ долларын ханшид сөрөгөөр нөлөөлөх хандлагатай юм.
Энэхүү шийдвэр нь 60 хоногийн хугацаанд олон нийтийн саналыг авч, ирэх 9 сард эцсийн шийдвэр гарах юм. Ийнхүү энэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр $200 тэрбумын мөнгөний нийлүүлэлт зах зээл дээр нэмэгдэх төсөөлөлтэй байна.

2.Натогийн хөрөнгө оруулалт батлан хамгаалалт руу чиглэнэ
Натогийн уулзалт өнгөрсөн 7 хоногт болж өндөрлөсөн бөгөөд сүүлийн жилүүдэд геополитикийн мөргөлдөөн ихээр үүсэж байгаатай холбоотой тухайн уулзалтын үр дүнд гишүүн орнууд жилийн ДНБ-нийхээ 5%-ийг батлан хамгаалахын салбарт 2 үндсэн чиглэлээр хөрөнгө оруулалт хийнэ хэмээн зарласан байна. Үүнээс 2035 он хүртэл батлан хамгаалахын хөрөнгө оруулалтаа ДНБ-ний багадаа 3.5%-ийг зарцуулж байхаар, 1.5%-ийг харилцаа холбооны аюулгүй байдал, цэргийн хүчин бэлтгэх, батлан хамгаалахын баазуудыг сайжруулахад зарцуулахаа зарлажээ. Мөн Украйныг дэмжиж, хангамжаа үргэлжлүүлнэ гэдгээ дахин мэдэгдэв.
Ийнхүү томоохон хөрөнгө оруулагчдад ирээдүйн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хүлээлт үүсэж байгаа бөгөөд цөмийн эрчим хүчин дээрх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна.

3. Хятад тэргүүтэй хөгжиж буй орнууд эргэн ирэлт хийх үү?
Хятадын талаас өнгөрсөн 7 хоногт АНУ-тай худалдааны хэлэлцээр дээр эцсийн байдлаар гарын үсэг зурж баталгаажууллаа. Ийнхүү тарифын асуудалтай холбоотой зогсонги байдалтай байсан Хятадын дотоодын эдийн засгийн төлөвлөгөө, дэг журам болон АНУ-аас бусад улсууд(Орос, Иран болон бусад барууны улсууд)-тай холбоотой харилцаа, хамтын ажиллагаа зэрэгт илүү төвлөрөх хандлагатай байна.
АНУ-ын талаас харин (1) Одоо байгаа маргаантай, тодорхойгүй, хурцадмал байгаа асуудлуудаа шийдвэрлэх, шинээр асуудал нэмж гаргахгүй байх, (2) Худалдааны дайн дээр ялагч нь болох чухал биш, тухайн асуудлыг хурдхан нэг тийш шийдвэрлэхийг зорьсон байр суурьтай байна. Европын Холбооны ерөнхийлөгчийн зүгээс АНУ-тай хэлэлцээрийн эцсийн хугацааг үл харгалзан, дүгнэлтэд хүрэхэд ойрхон байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү хэлэлцээрийн эцсийн хугацаа болох 7 сарын 9-өөс өмнө тухайн хоёр талаас тарифын эцсийн шийдвэрээ гаргах магадлалтай байна.
Мөн Иран-Израилийн дайнд Хятадын зүгээс худалдааны сүлжээгээр холбоотой байгаа бөгөөд Ираны хамгийн том газрын тос импортлогч орон билээ. Иран ямар ч нөхцөл байдалд хүрсэн Хятадын талаас худалдан авалтаа үргэлжлүүлсээр байх юм. Тиймээс АНУ-аас Хятадтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа бол Иран руу дахин дайрахгүй байх нь хамгийн зөв зам болоод байгаа юм.
Доорх графикаас харахад худалдааны дайн болон Иран-Израилийн дайн дууссан зэргээс шалгаалан Хятадын инфляц өсөх хүлээлт буурч байгаа бөгөөд гадаад худалдаа нь сэргэж, тогтворжих хүлээлтийг бий болгож, эдийн засаг нь өсөх хүлээлттэй байна.

Хятадын хөрөнгийн зах зээлийн ерөнхий байдлыг доорх графикаар авч үзье. Hang Seng индексэд багтах компаниудын нэгж хувьцаанд ногдох ашиг буюу EPS нь 2023 оноос хойш тогтмол өсөлттэй байна. Гэсэн хэдий ч Hang Seng индекс нь цар тахлын үеэс хойш уналттай байсаар 2022 оноос хойш sideways буюу ямар ч тренд ажиглагдахгүй, нэг түвшиндээ хэлбэлзсээр байгааг харахад хөрөнгө оруулагчид Хятадын компаниудад хөрөнгө оруулалт хийх итгэл хараахан сэргээгүй байгааг илэрхийлж байна.

Үүнээс товчхон дүгнэвэл өнгөрсөн 7 хоногт:
• Макро эдийн засгийн тодорхойгүй байдлууд намжсаны үндсэн дээр таваарын зах зээл уналттай, хувьцааны зах зээл өсөлттэй байна.
• Холбооны нөөцийн сангаас зарласан SLP шийдвэр хэрэгжиж эхэлбэл банкнуудын зээл олголт нэмэгдэх учир банк санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой харагдаж байна. Мөн НАТО-ийн зүгээс батлан хамгаалахын салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаатай холбоотой зэвсэг үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагаа идэвхжиж, өсөлт үзүүлэх боломжтой юм.
• Хятадын хувьд АНУ-тай тарифын асуудлыг эцэслэснээр тус улсын хувьд гадаадын бусад улс орнуудтайгаа хамтын ажиллагаа нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөх бодлого барих хүлээлттэй байгаа бөгөөд Хятадын компаниудын хувьд зах зээл дээр хувьцаа нь харьцангуй хямд арилжаалагдаж байгааг харвал урт хугацаандаа хөрөнгө оруулалт хийх боломж харагдаж байна.