Хөрөнгийн зах зээл
4 min read
Дрон үйлдвэрлэгчид болон Цөмийн эрчим хүчний зах зээлийн өсөлт

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Нэмэгдсэн тариф үнэхээр АНУ-ын инфляцад нөлөө үзүүлэхгүй юу?

2. Ethereum-ийн “Chat GPT мөч”

3. Дрон үйлдвэрлэгчид болон Цөмийн эрчим хүчний зах зээлийн өсөлт

Image

Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн Сангийн тэргүүн Жероме Повелийг огцруулах талаар хэд хэдэн удаа өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа бөгөөд түүнийг бодлогын хүүгээ бууруулахыг шаардсаар байгаа. Хэдий АНУ-ын ерөнхийлөгчид Холбооны Нөөцийн Сангийн тэргүүнийг огцруулах бүрэн эрх байхгүй хэдий ч хэрэв Жероме Повель суудлаасаа буувал түүний суудалд суух дараагийн боломжит хүмүүсийн жагсаалт гарсан байна.

1. Нэмэгдсэн тариф үнэхээр АНУ-ын инфляцад нөлөө үзүүлэхгүй юу?

6-р сарын инфляц 2.7% буюу өмнөх сараас 0.3%-ийн өсөлттэй, эдийн засагчид болон шинжээчдийн хүлээлтээс бага гарлаа. Хэрэглэгчдийн үнийн индексийг харахад цахилгаан бараа болон тавилгын үнэ бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс өндөр өсөлттэй байгаа нь тарифын нөлөөллийг харуулж байгаа хэдий ч дотоодын инфляцыг бүхэлд нь харахад үнийн өсөлт харьцангуй тогтвортой байгаа юм.

Image

Нэмэгдсэн тарифыг 8 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэсэн шийдвэртэй холбоотой АНУ-ын бодлогын хүү буурах хүлээлт хойшлох төлөвтэй байна. Учир нь жинхэнэ тарифын нөлөөлөл нэмэгдсэн тариф хэрэгжиж эхэлснээс хэдэн сарын дараагаас эдийн засгийн үзүүлэлтүүд дээр харагдах хүлээлттэй байгаа билээ. Тиймээс ирэх сард зарлагдах 7 сарын эдийн засгийн үзүүлэлтүүд мөн эерэг гарах төлөвтэй байгаа юм.

Image

2. Ethereum-ийн “Chat GPT мөч”

Засгийн газрын “Крипто 7 хоног”-оор “Genius” актын дагуу ethereum болон тогтвортой койнууд(stablecoin)-ыг албан ёсоор хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгох талаар яригдсантай холбоотой өнгөрсөн 7 хоногт ethereum-ийн ханшийн өсөлт оргил үе рүүгээ ойртлоо. 7 сарын 19 нд ерөнхийлөгч Доналд Трамп “Genius” акт дээр гарын үсэг зурснаар etherium-ийн ханш үргэлжлэн 6 орчим хувийн өсөлт үзүүлэв.

Үүнийг блокчэйн технологийн “ChatGPT мөч” гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, etherium нь хуулийн зохицуулалттай, өргөжих боломжтой тогтвортой койнуудын (stablecoin) гаргалт, тооцооны дэд бүтэц болон албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж буй үеийн эхлэл юм.

Ethereum руу чиглэсэн хөрөнгийн урсгал нэмэгдэж, хөгжүүлэгчдийн идэвх нэмэгдэн, гүйлгээний хэмжээ огцом өсөх төлөвтэй байна. Энэ нь зөвхөн тогтвортой койнуудыг зохицуулах шинэ хууль, журмууд гарсан учраас биш, харин тэрхүү зохицуулалтын системийн суурь нь ETH өөрөө учраас юм.

Image

3. Дрон үйлдвэрлэгчид болон Цөмийн эрчим хүчний зах зээлийн өсөлт

Геополитикийн нөлөөгөөр өсөлттэй байгаа салбаруудаас хамгийн өндөр өсөлттэй байгаа нь дрон болон цөмийн эрчим хүчний салбар юм. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хегсетийн удирдлагаар дотоодын дрон үйлдвэрлэлээ эрчимжүүлээд байгаа билээ.

Мөн энэхүү зах зээлийн өсөлт нь зөвхөн дрон үйлдвэрлэгчдийг хамраагүй бөгөөд нийлүүлэлтийн системийг бүхэлд нь хамарч байгаа юм. Жишээ нь: дроны бүрэлдэхүүн хэсгүүд, мэдрэгч, дохиолын систем, хэмжигч технологи гэх мэт.

Доорх графикаас харахад Европын дрон үйлдвэрлэгч компаниудын хувьцааны хан АНУ-ын зах зээлийг дагаж хөдөлж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Image

Харин цөмийн эрчим хүчний салбарын хувьд геополитикийн хүчтэй түлхэц аван өссөөр байгаа билээ. Орос-Украйны дайнтай холбоотой Оросын ураны нийлүүлэлтийг бүрэн хориглосон, мөн гуравдагч орноор дамжуулан худалдалдаа хийх арга замыг хааж, санхүүгийн хориг арга хэмжээ авч байгаатай холбоотой АНУ болон Европын эрчим хүчний компаниуд Оросоос эрчим хүчний хамаарлаа маш хурдан хугацаанд бууруулах шаардлагатай байгаа юм.

Үр дүн Оросоос бусад эрчим хүчний нийлүүлэлт хумигдвал, эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс хамааран зах зээлийн үнэ өсөх өндөр магадлалтай байна.

Тус салбараас доорх графикт харуулсан Energy Fuels (UUUU) компанийн хувьцаа геополитикийн нөхцөл байдлын дэмжлэгтэй ирэх саруудад өсөлт үзүүлэх боломжтой харагдаж байна.

Image

Дүгнэлт

• Өнгөрсөн сарын инфляцын түвшин эдийн засагчдын хүлээлтээс доогуур гарлаа. 7 сарын эдийн засгийн үзүүлэлтүүд мөн тийм ч муу гарахгүй бөгөөд нэмэгдсэн тариф 8 сарын 1-ээс хэрэгжиж эхлэхэд жинхэнэ тарифын нөлөөлөл эдийн засгийн суурь үзүүлэлтүүд дээр ажиглагдаж эхлэх юм.

• АНУ-ын криптогийн талаар хуулийн төсөл батлагдсантай холбоотой ethereum-ийн ханш өндөр өсөлт үзүүллээ.

• Геополитикийн нөлөөтэйгөөр дрон үйлдвэрлэгчид болон цөмийн эрчим хүчний зах зээл ирэх саруудад өсөх төлөвтэй байна. Эрчим хүчний салбараас Energy Fuels (UUUU) компанийн хувьцааг онцолж байгаа юм. Харин батлан хамгаалах болон дроны үйлдвэрлэлтэй холбоотой хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байгаа бол бидэнтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Image