
Аливаа бизнесийн стартап үе дуусахад, дараагийн шатны сорилттой тулгардаг.
Бүтээгдэхүүний шугамаа нэмэхэд шаардлагатай төхөөрөмж авах, үйлдвэрлэлийн хүчин чадлаа сайжруулж одоо байгаа бизнесээ өргөжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй.
Харин энэхүү санхүүжилтийг хаанаас босгох вэ? Энэ үед компаниуд ихэвчлэн банкнаас зээл авах юм уу бонд гаргах замаар асуудлаа шийдэж байна.

Яагаад бонд гэж?
Бонд гэдэг нь компаниудын бизнесээ явуулахын тулд хөрөнгө босгоход ашигладаг өрийн бичиг бөгөөд хөрөнгө оруулагч компанид мөнгө зээлж, хариуд нь мөнгөө ашигласны төлбөр буюу купон авдаг.
Бонд, банкны зээл хоорондоо төстэй, хоёулаа өрийн хэрэгсэл боловч онцгой шинж чанаруудаараа өөр хоорондоо ялгаатай. Компаниуд банкнаас зээл авах боломжтой ч бонд гаргахыг илүүд үздэг болоод байна.
Учир нь өрийн хэрэгслийн хүү болон үндсэн төлбөрийг компанийн мөнгөн урсгалд тохируулан уян хатан нөхцөлтэйгөөр тодорхойлж, санхүүжилтийг илүү таатай нөхцөлөөр авах боломжтой байдагтай холбоотой.
Нөгөө талаас хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, амжилттай төлөлт хийсэн түүх нь гадаад болон дотоодоос дараагийн санхүүжилт авахад давуу талыг үнэт цаас гаргагчид бий болгодог.

Биржийн бус бондын давуу талууд :
- Уян хатан нөхцөл: OTC бонд нь арилжааны нөхцөлийг өөрийн бизнес болон хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцүүлэн уян хатан байдлаар тохируулах боломжтой;
- Ирээдүйн боломжууд: Хөрөнгийн зах зээл дээр өрийн бичиг санал болгосноор хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчдийн тууштай байдалд эергээр нөлөөлж дараа дараагийн санхүүжилтийн боломжуудыг нэмэгдүүлдэг;
- Санхүүжилтийн дүн: Хэрэгцээт санхүүжилтийн мөнгөн дүн өндөр үед бондын санхүүжилт илүү тохиромжтой;
- Өргөн хүрээний хөрөнгө оруулагчид: мэргэжлийн хөрөнгө оруулагчийн шаардлага хангасан хувь хүн, байгууллагаас эхлээд хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө оруулалт татах боломжтой.
- Зардал бага: OTC бонд гаргах хялбаршуулсан үйл явц нь нээлтэй бондтой харьцуулахад зардал бага учир компанийн мөнгө, цагийг хэмнэдэг.
Монголын OTC зах зээлийн одоогийн байдал, зах зээл дээрх хандлага.
МХБ-ийн мэдээлснээр 2024 нээлттэй зах зээл дээр нийт 732.2 тэрбум төгрөгийн бондыг шинээр татан төвлөрүүлсэн бол биржийн бус зах зээл 2.7 дахин их буюу 1.7 их наяд төгрөг, 71.9 сая ам.долларыг өнгөрөгч онд татан төвлөрүүлжээ.
Биржийн бус бондын нөхцөлийг өөрийн бизнес болон хөрөнгө оруулагчдын хэрэгцээнд нийцүүлэн уян хатан байдлаар тохируулж болдог нь хоёр талд ашигтай байдал тул манай улсад биржийн бус зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна.