Хөрөнгийн зах зээл
3 min read
“Ард Кредит” ББСБ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Ард Кредит (MSE: ADB)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 28-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Компанийн цэвэр ашиг 2023 оноос 1.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 3.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 56%-аар нэмэгджээ. Нийт зээлдэгчийн тоо 80 гаруй мянгад хүрч өмнөх онтой харьцуулахад 23.2%-аар өссөн байна: 2024 оны онцлох үйл явдлууд :

• 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцааг амжилттай гаргав.

• Хувьцаа эзэмшигчдэдээ 1.0 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилав.

• Финтек зээлийн зөвшөөрөл авав.

• ТОП-20 индексэд 5 дах жилдээ дараалан багтав.

• Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтээр ТОП-20 компанийн нэгээр шалгарав.

• 13.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд амжилттай гаргалаа.

Image

Зээлдэгчийн тоо 2024 онд 23.2%-аар өссөн бөгөөд, нийт зээлийн багц 2022 оноос 60%-аар өссөн, зээлийн багцын өсөлт нь зах зээлийн тэлэлт, зээлийн эрэлт нэмэгдсэнийг илтгэж байна.

Зээлийн үйл ажиллагаа тогтвортой өсөлттэй байгаа бөгөөд 2024 онд бүх гол үзүүлэлтүүд өмнөх оноосоо өссөн нь байгууллагын зээлийн хүртээмж нэмэгдэж, хэрэглэгчдийн тоо, зээлийн эрэлт өссөнийг харуулж байна.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт Ард Апп:

• Зээлийн гэрээг Ард Аппаар байгуулах боломжтой болов.

• ББСБ-ын салбарын анхны дебит картыг хэрэглээнд нэвтрүүлэв.

• Шинээр зорилтот хуримтлалын үйлчилгээ нэвтрүүлэв.

• Харилцагчдадаа зориулан лояалти зээлийн скоринг бүхий хамгийн бага хүүтэй Альфа зээлийг хэрэглээнд нэвтрүүлэв.

• Сайн Скор компанитай хамтран FICO онооны системийг онлайн зээлийн скорингд нэвтрүүлэв.

Санхүүгийн байдлын тайлан

Нийт хөрөнгө 2024 онд өмнөх оноос 60.42%-аар өсжээ. Санхүүжилт 42.1 тэрбум төгрөгөөс 56.4% нэмэгдэж, 65.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Цэвэр ашгийн хувьд 3.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх онтой харьцуулахад 56%-аар нэмэгдсэн байна. Ашигт ажиллагааны үзүүлэлт сайжирч, эздийн өмч тайлант онд 77.3%-аар өслөө.

Image

Хүүгийн орлого сүүлийн 3 жил дараалан өссөн бөгөөд тайлант онд мөн өсөлттэй буюу өмнөх оноос 42.9%-аар нэмэгджээ. Энэ нь зээлийн багцын өсөлт болон зээлийн хүүгийн орлого нэмэгдсэнтэй холбоотой хэмээн компанийн зүгээс онцоллоо.

2023 онд хүүгийн бус орлого буурсан ч 2024 онд 32.6%-аар өссөн байна. Энэ нь үйлчилгээний шимтгэл, бусад орлого, хөрөнгө оруулалтын өгөөж зэргээс хамааран нэмэгдсэн.

Зээлийн багцын ихэнх хувийг буюу 58%-ийг онлайн зээл эзэлж байгаа нь дижитал санхүүгийн үйлчилгээ давамгайлж байгааг харуулж байна. Бизнес болон хөдөө аж ахуйн зээл ч мөн өндөр хувийг эзэлж байна.

Image

2025 оны эхний улиралд Ард Кредит (MSE: ADB) хувьцааны ханш бууралттай байв.

2025 оны эхэнд хувьцааны ханш ₮105 орчимд хэлбэлзэж байсан бол 2025 оны 4-р сарын 29-ний байдлаар ₮102-д хаагдсан байна. Энэ нь өмнөх хугацааны хаалтын ханштай харьцуулахад ойролцоогоор 2.9%-ийн бууралттай байна.

Сүүлийн 52 долоо хоногийн хугацаанд тус хувьцааны ханш ₮96.42-₮117.41 төгрөгийн хооронд хэлбэлзжээ.

Image
Image