Хөрөнгийн зах зээл
3 min read
Amazon INC - (NASDAQ AMZN)
Amazon INC - (NASDAQ AMZN)

Amazon.com, Inc нь цахим худалдаа, үүлэн тооцоолол, онлайн зар сурталчилгаа, дижитал дамжуулалт, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Америкийн үндэстэн дамнасан компани юм.

Амазоныг Жефф Безос 1994 оны 7-р сарын 5-нд Вашингтоны Беллевью дахь гараашдаа үүсгэн байгуулжээ. Анх цахим ертөнцөд ном худалдах зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан бол өдөр тутмын болон бусад олон төрлийн бүтээгдэхүүнтэй болон өргөжжээ.

Image

Амазоны хамгийн том хувь эзэмшигч нь үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал асан Жефф Безос бөгөөд компанийн 9.7 хувийг эзэмшдэг. Бусад томоохон эзэмшигчид нь Vanguard 7.0%, BlackRock 5.8% тус тус эзэмшдэг.

Image

2022 жилийн эцсийн байдлаар хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, борлуулалт зэрэг үзүүлэлтүүд бүгд өсөлттэй байгаа ч анхаарал татаж буй нь цэвэр ашгийн хэмжээ юм. 2021 онд 33.36 тэрбумын ашигттай ажиллаж байсан, 514 тэрбумын орлоготой байгууллага яаж 3 тэрбумын алдагдалтай ажиллав?

Үүний гол шалтгаан нь Rivian Automative Inc-ийн хөрөнгө оруулалт байв. Rivian Automative нь 2021 оны 11-р сард IPO хийсэн ба 2022 оны 12-сар байдлаар Аmazon тэдний 17 орчим хувийг эзэмшиж байсан. Уг хувьцааны ханш 2022 оны 1-р сард $80 орчим ам.доллар байсан бол 12-р сард $18 болж буурчээ.

Image

2023 он гарснаар компани ашигтай ажиллаж эхэлсэн ба 2023 оны 3-р улиралд үндсэн үйл ажиллагааны ашиг 11.19 тэрбум хүрч өмнөх оны мөн үеэс 134 хувиар өссөн байна. Дэлгүүрийн хүргэлтийн хурд ахин сайжирч, AWS-ийн өсөлт тогтворжин, зар сурталчилгааны орлого нэмэгдсэнээр энэхүү үр дүнд хүрчээ.

Image

Amazon-ийн орлого дээрх үйлчилгээнүүдээс бүрддэг байна. Үүнээс харвал дийлэнх хувийг цахим дэлгүүр, гуравдагч талын борлуулалтын үйлчилгээ болон AWS дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Image

2006 онд Amazon Web Services (AWS) нь бизнесүүдэд мэдээллийн технологийн дэд бүтцийн үйлчилгээг вэб үйлчилгээ болгон санал болгож эхэлсэн бөгөөд одоо cloud computing буюу үүлэн тооцоолол гэж нэрлэгддэг.

Жижиглэн худалдааны платформ нь орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа ч ашиг ажиллагааны хувьд AWS нь харьцангуй илүү байдаг. Учир нь цахим худалдааны COGS буюу ББӨ нь харьцангуй өндөр байдаг тул Amazon энэхүү үйлчилгээнд илүү их ач холбогдол өгч байна.

Amazon Web Services нь тооцоолол, хадгалалт, өгөгдлийн сан, аналитик, сүлжээ, гар утас, хөгжүүлэгчийн хэрэгсэл, удирдлагын хэрэгсэл, IoT, аюулгүй байдал, байгууллагын хэрэглээний программуудыг багтаасан үүлэнд суурилсан өргөн хүрээний бүтээгдэхүүнийг санал болгодог ба 190 оронд ашиглагдаж байна.

Image
  • PE ratio /үнэ ашгийн харьцаа/ - Хувьцааны ханшийг нэгж хувьцаанд ногдох ашигт харьцуулдаг бөгөөд компанийг хэр үнэтэй эсвэл хямд үнэлэгдэж байгаа илтгэдэг үзүүлэлт юм. Тус үзүүлэлтийг 22-с бага байвал тохиромжтой үздэг.
  • ROA /нийт хөрөнгийн өгөөж/ - Нийт хөрөнгөө ашиглаж хэр зэрэг ашигтай ажиллаж байгааг харуулдаг. Нөгөө талаар нийт хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж байгааг харуулж буй харьцаа үзүүлэлт юм. Тус үзүүлэлт нь өндөр байх тусам компани хөрөнгөө илүү үр дүнтэй зарцуулж байгааг илтгэдэг байна.
  • ROE /Эздийн өмчийн өгөөж/ - Тус үзүүлэлт нь компанийн удирдлага өөрийн хөрөнгийг ашиглаж хэр үр дүнтэй ажиллаж байгааг хэмждэг хэмжүүр юм. Өндөр байх тусам компани өөрийн хөрөнгийн санхүүжилтээ илүү үр дүнтэй ашиглаж байгааг илтгэдэг.
  • Cash flow - Компанийн орох болон гарах мөнгөн хөрөнгийн зөрүүгээр цэвэр мөнгөн урсгал гарч ирдэг бөгөөд тус үзүүлэлт нь эерэг мөн жил бүр өсөж байх нь сайн үзүүлэлт юм. Зарим компанийн цэвэр ашиг өсөж байгаа хэдий ч цаанаа мөнгөн урсгал нь сөрөг эсвэл бууралттай байх боломжтой тул зайлшгүй харах шаардлагатай үзүүлэлтүүдийн нэг юм.
  • Price/ FCF - Үнэ/FCF (Үнэ ба Чөлөөт мөнгөн гүйлгээ) харьцаа нь компанийн зах зээлийн үнэ цэнийг чөлөөт мөнгөн урсгалтай нь харьцуулан үнэлдэг.