
Alphabet Inc зах зээлийн шинжилгээ
Alphabet Inc нь Google-ийг эзэмшдэг бөгөөд хэрэглэгчдэд холбогдолтой, хямд онлайн зар сурталчилгаа, үүлэн технологид суурилсан дэд бүтэц, платформ сервисүүд болон аппуудыг бүхий л хэлбэрийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлдэг. Мөн гишүүнчлэлийн эрхтэй бүтээгдэхүүнүүд болон төхөөрөмжүүдээс голлох орлогоо тус тус бүрдүүлж байна.
2025 он гарснаас хойш Alphabet inc -ийн хувьцааны ханш 16.17%-н уналт үзүүлж өнөөдрийн байдлаар $160.16 болсон байна.
52 долоо хоногийн доод ханш $140.53, дээд ханш $207.5 байсан ба 4 сарын 30-ны өдрийн ханш $160.16 байгаа нь Alphabet хувьцаа хөрөнгө оруулагчдын хувьд тааламжит үнийн дүнд арилжаалагдаж байгаа гэж үзэж болно.
Alphabet компанийн шинжилгээний хүрээнд яригдах сэдвүүд
Alphabet Inc компанийн үйл ажиллагааны тайлан
Alphabet Inc компани нь Google-ийн үйл ажиллагааны хүрээнд google service болон google cloud гэсэн үндсэн 2 орлогын ангилалтай байна. Google Cloud-ийн хувьд сүүлийн 4 жилийн дунджаар нийт орлогын 11%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд жил бүр тогтмол өсөлттэй байна.
Google сервис ангилалд Google Search, YouTube сурталчилгаа, Google Network болон тэдгээрийн гишүүнчлэлийн эрхүүд, Google платформ, төхөөрөмжүүдийн орлого хамаарна. Эдгээрээс хамгийн их орлогыг бүрдүүлж байгаа нь google search бөгөөд сүүлийн 4 жилийн дунджаар нийт орлогын 57%-ийг бүрдүүлж байна. 2025 оны I улирлын тайлангаар Google search-ийн орлого өмнөх улирлаас 8% өссөн үзүүлэлттэй байна.
YouTube, YouTube Tv, YouTube Music сувгуудаар дамжуулж хэрэглэгчтэй холбогдолтой зар сурталчилгаа болон гишүүнчлэлийн эрхийг хэрэглэгчдэд санал болгох зарчмаар орлого олдог. Тэгвэл 2024 онд YouTube зөвхөн зар сурталчилгааны орлого нь $4.6 тэрбумаар буюу 14.7%-иар өсөж $36 тэрбумд хүрсэн байна.
2024 онд Google Network-ийн орлого $953 саяар буюу 3%-иар буурсан нь Ad Manager, Admob-ийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Ad manager, Admob нь аж ахуйн нэгжүүдэд зориулсан зар сурталчилгаагаа бэлтгэх, түүнд тусалдаг программ болон гар утасны апп юм. 2025 оны I улирлын байдлаар өмнөх улирлаасаа $157 саяар буюу 2%-иар буурсан үзүүлэлттэй байна. Үүнд гадаад валютын өөрчлөлт ихээр нөлөөлдөг байна.
Google гишүүнчлэлийн эрх, платформ, төхөөрөмжүүд гэсэн орлогын ангилалд Youtube-ийн гишүүнчлэлийн эрхийн орлого хамгийн томоохон хувийг эзэлдэг. Үүний араас Google One-ны орлого тэргүүлдэг байна.
Alphabet Inc компанийн санхүүгийн тайлан
Alphabet Inc компанийн 2024 оны санхүүгийн үзүүлэлтүүд
2024 оны санхүүгийн голлох үзүүлэлтүүд:
• Компанийн нийт орлого 2024 онд $350 тэрбумд хүрсэн бөгөөд өмнөх жилээс 14%-ийн өсөлтийг үзүүлсэн
• Нийт цэвэр ашгийн хэмжээ өмнөх жилээс 36% өсөж $100 тэрбумд хүрэв
• Тухайн компанийн эзэмшдэг YouTube нь стримын үйлчилгээ болон подкастын салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар байгаа бөгөөд YouTube болон Google cloud-орлого нийлээд $110 тэрбумд хүрээд байна.
• Компанийн эргэлтийн хөрөнгө 2024 онд 5%-иар буурсан байгаа нь тус компанийн зах зээлд борлуулж болох үнэт цаасны хэмжээ (marketable securities) мэдэгдэхүйц буурсан нь үүнд голлон нөлөөлжээ.
• 2024 онд AI-ийн зах зээлийн өрсөлдөөнтэй холбоотой урьд өмнөхөөсөө илүү олон бүтээгдэхүүнүүд, моделиудыг хийж, туршиж, зах зээлд нийлүүлж байгаа. Google Search дээр AI-ийн тусламжтайгаар хайлтын тоймыг харуулж байгаа нь хэрэглэгчдийн тоог өсгөж байна. Харин AI хөдөлгүүртэй Google Cloud-ын хэрэглэгчдийн эрэлт өсөж байгаагаас үүдэн ирээдүйн орлогын хүлээлт нэмэгдэж байгаа юм.
• Alphabet Inc нь хиймэл оюун ухааны хөгжүүлэлт болон судалгаанд хөрөнгө оруулах зорилготойгоор 2025 онд Capital Expenditure-т $75 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байна.
Alphabet Inc компанийн 2025 оны I улирлийн санхүүгийн үзүүлэлтүүд
2025 оны I улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүд:
• Alphabet Inc компани 2025 оны 4 сарын 24-нд I улирлын тайлангаа танилцуулснаар санхүүгийн үр дүн нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлтүүдтэй байлаа.
• 2025 оны I улирлын нийт орлого өмнөх улирлаас 12%-иар өсөж $90.23 тэрбум хүрсэн нь шинжээчдийн $89.12 гэсэн урьдчилсан таамгаас дээгүүр үзүүлэлт байлаа.
• Орлогын бүтцээс хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн нь Alphabet Inc нь өнгөрсөн улирал generative AI болох Gemini 2.5 хувилбараа танилцуулсан бөгөөд энэ нь хэрэглэгчдийн google search-ийг ашиглах сонирхлыг нэмэгдүүлж байгаа юм. Ийнхүү Google Search хэрэглэгчдийн тоо дунджаар сард 1.5 тэрбумд хүрээд байна.
• Мөн Youtube болон Google One-ны төлбөртэй гишүүнчлэлийн эрхийн тоо 270 саяд хүрсэн.
• I улирлын байдлаар Аlphabet Inc нь $15.1 тэрбум үнийн дүнтэй дүйцэх өөрийн хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдаж авсан байна.
• Нэгж хувьцаанд ногдох ашгийг 5%-иар буюу $0.20-оор өсгөж, нийт ашгаасаа $2.4 тэрбумын ногдол ашигт хуваарилахаар болсон байна.
Alphabet Inc компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд
• Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд I улирлын байдлаар $2.81-т хүрч, өмнөх улирлаас 49%-иар өсөв. Энэ нь шинжээчдийн $2.02 гэсэн хүлээлтээс өндөр байсан бөгөөд одоогоор шинжээчид 2025 оны бүтэн жилийн нэгж хувьцаанд ногдох ашгийн хүлээлт нь $9.55 байна.
• Alphabet Inc-ийн Үнэ-Ашгийн харьцаа буюу P/E ratio нь одоогийн байдлаар 16.8 болж буурсан нь сүүлийн 10 жилийн дундаж 28-тай харьцуулахад бага байгаа юм.
• “Гайхамшигт-7”-ийн Үнэ-Ашигийн харьцааны медиан дундаж 26.8-тай харьцуулбал хамгийн бага байгаа бөгөөд “Гайхамшигт-7”-д багтах зарим компаниудтай харьцуулахад ойролцоогоор 2 дахин бага байна. Энэ нь Alphabet Inc компанийн хувьцааны ханш нь доогуур үнэлэгдэж байгааг илтгэж байна.
• Өөрийн хөрөнгийн өгөөж нь сүүлийн 3 жилд өсөж 2024 оны байдлаар 31% хүрчээ. Сүүлийн үеийн мэдээ
• Google-ийн Бизнесийн ахлах ажилтан Пилипп Шиндлэр Америк-Хятадын тарифтай холбоотой макро эдийн засгийн тодорхойгүй байдалд дасан зохицох дархлаа байхгүйгээ илэрхийллээ.
• Америкийн Alphabet болон Meta компаниудын зар сурталчилгааны томоохон хэрэглэгчид болох Хятадын Е-commerce компаниуд болох Temu болон Shein нар Америкт зарцуулах мөнгөө танаж байгаатай холбоотой 2025 онд Азиас орох орлогын хэмжээ багасах нь тодорхойi байна.
• Google нь 2025 оны дунд гэхэд Apple-тай Gemini хиймэл оюун ухааны чатбот-ыг шинэ iPhone-д ашиглах боломжтой болгох шинэ гэрээ байгуулахыг зорьж байгаа тухай мөн дурдсан. Энэ талаар тэрбээр Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүктэй хэд хэдэн удаа ярилцсан гэжээ.
• АНУ-ын хамгийн том PJM Interconnection сүлжээтэй түншлэн, AI ашиглан шинэ эрчим хүчний шугам, хангамжийг илүү хурдан холбох зорилгоор хамтарсан ажил эхлүүлснээ зарласан. Мөн тус компани анх удаа жижиг модуль реакторууд болон дэвшилтэт геотермал эрчим хүчээс цахилгаан худалдан авах компанийн гэрээнүүд байгуулжээ.
• АНУ-ын Хууль зүйн яамнаас Google-ийг хууль бусаар зар сурталчилгаа болон хайлтын системд монопол үүсгэсэн хэмээн шүүх хурал эхлүүлсэн бөгөөд Google-ийг өөрийн харьяанд байдаг Chrome-ийг салгах, андройд үйлдлийн системтэй утаснуудад заавал google хайлтыг суулгахыг шаардахгүй байх зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм.
Техник шинжилгээ
• 2020 оны 3-р сараас 2025 оны 2-р сарын 10 хүртэл нийт 300% өсөж хувьцааны ханш $206 хүрсэн бол түүнээс хойш уналт үзүүлэн өнөөдрийн байдлаар $158.80 болж оргил үеэсээ -23% уналттай арилжаалагдаж байна.
• Ханшийн чартыг харвал 2020 оноос 2025 оны хоорондох арилжаалагдсан дундаж ханш буюу $139 ханшаас дэмжлэг аван өсөлт үзүүлж байна. АНУ-н засгийн газраас хэрэгжүүлж буй бусад улс орнуудын эсрэг тарифын арга хэмжээ авсан нь ганцхан Google компанийн хувьцаанд биш зах зээлд ихээхэн нөлөө үзүүлсэн билээ. Харин тарифыг харилцан буулгах боломжтой гэж мэдэгдсэнээс хойш зах зээл ч Google компанийн хувьцаа ч бага зэргийн өсөлттэй арилжаалагдаж байна.
• Ханшийн хувьд худалдан авах боломжтой 1-р бүс нь томоохон дэмжлэгийн бүс болох $140-$150 юм. Харин 2 болон 3-р бүс хэрэв ханш уналт үзүүлэн орж ирэх юм бол ханшаа дундажлан дараах бүсүүдээс худалдан авалт хийвэл тохиромжтой юм. Эдийн засгийн ойлгомжгүй байдал намжиж зах зээл эргэн өсөлт үзүүлж эхэлбэл ханш $210, $240 болон $300 урт хугацаандаа хүрэх боломжтой юм. Энэхүү хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулахад маш тохиромжтой компани бөгөөд та хамгийн багадаа 3-с дээш жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.
Дүгнэлт
• Alphabet Inc компанийн хувьд үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд нь жил бүр тогтвортой өссөөр байгаа бөгөөд зах зээлд томоохон байр сууриа хадгалсаар байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт ихээр хийж, өөрсдийн технологи үйлчилгээнүүдийг илүү сайжруулж компанийнхаа цар хүрээг тэлсээр байгаа билээ.
• Одоогоор хувьцааны ханш нь тарифаас улбаатай оргил үеэсээ 23% орчмоор унаад байгаа бөгөөд ихэнх шинжээчид уг хувьцааг hold хийхийг санал болгож байна. Харин шинээр худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчид макро эдийн засгийн тодорхойгүй байдал намжихыг ажиглан, хувьцааны ханш худалдан авахад тохиромжтой бүс рүү орохыг хүлээх нь зүйтэй гэж үзэж байна.