
Ажиллах компаниа сонгож багийн гишүүн болно гэдэг бидний амьдралдаа хийж буй энгийн мэт боловч чухал алхмуудын нэг билээ. Хүн бүр мэдэх хэдий ч төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь бий.
Ажлын зар гүйлгэж, харсан болгондоо анкет илгээж, хариу өгсөн газарт нь яваад орчихдог үзэгдэл залуусын дунд түгээмэл. Азтай зарим нь сайн газар орж тогтвортой сайхан ажиллана. Үлдсэн хэсэг нь нэгээс гарч нөгөөд орсоор байна. Энэ нь компани болон ажилтны аль алинд нь цаг хугацаа хийгээд бусад алдагдсан боломжийн хэмжээг нэмэгдүүлдэг. Тэгвэл уг чухал сонголтыг хийхэд шийдвэрийг тань тодотгох гурван зөвлөгөөг өөр дээрээ жишээ авч хүргэе.
Өөрийн хүсэл, зорилгоо тодорхойлох
Магадгүй тун энгийн санагдах байх, биднийг дунд сургууль байхаас л хэн хүссэн нь зорилготой бай түүндээ хүр гэж хэлдэг байсан болохоор аргагүй биз. Тэгвэл ямар зорилго вэ гэхээр, монголын нийгэмд эмч, багш нарын хөдөлмөрийн үнэлгээ бага хэдий ч хүсэл зорилгодоо хөтлөгдсөн хүмүүс уг мэргэжлийг сонгож ажлаа хийсээр байна. Тэдний чин хүсэл, ажлын үнэ цэн нь мөнгөөр болон бусад зүйлсээр хэмжигдсэнгүй. Мэдээж ажил эрхлэлт олон хүчин зүйлээс хамаарах боловч хамгийн чухал нь юу хийж юу бүтээж байгаад утга учир нь оршино.
Тодруулбал хийсэн зүйлийнхээ үр дүнгээс урам авах нь цааш явах хөшүүрэг болдог. Ажил тань үнэ цэнтэй, хүмүүст нөлөөлж байгааг мэдрэх нь маш чухал байдаг ажээ.
Миний хувьд хөрөнгийн зах зээл дээрх олон боломжуудыг хүмүүст тайлбарлаж, тэдний хөдөлмөрлөж олсон хөрөнгийг нь өсгөх боломжийг харуулж байгаагаасаа, өгөөжөө аваад баярлаж байгаа харилцагчаасаа урам авдаг. Мөн хувийн санхүүгээ удирдаж хөрөнгө оруулалт хийн нэмэлт орлоготой болж чадсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мэдлэг туршлага, мэдээ мэдээлэл, боломжуудыг бий болгосоор байдаг нь энэхүү салбарын давуу тал байх.
Тийм ч учраас бидэнд, хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн олон боломжийг харуулж түүнд хүрэх гүүр нь болж байгаа Апекс капитал үнэт цаасны компанид ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байна. Манай хамт олон нягтлан, хуульч, санхүүч, маркетингийн менежер, график дизайнер зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй хүмүүсээс бүрддэг ч нэг зорилгын төлөө ажиллаж өнөөдрийг хүрсэн. Бид бүгд хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг туршлагатай болж санхүү болоод бусад тал дээр хувь хүн тус бүрээр сайжирсаар байгаа билээ.
Хөгжих хүсэлтэй байх
Дараагийн чухал зүйл бол өсөж хөгжил хүсэл тэмүүлэл.
Өсөлт хөгжилтийг нэг талаар сайжруулалтыг эрэлхийлэх үйл явц гэж хэлж болох ба энэ нь хүний суурь хэрэгцээ байдаг. Бид ажил хийгээд түүнийхээ оронд цалин авах байдлаар л компани ажилтан хоёрыг төсөөлдөг. Ажилд орсон гээд хэн нэгэн дотны хүндээ хэлэхэд тэд ямар газар, ямар албан тушаал гэж асуухаас илүүтэйгээр цалин нь хэд вэ гэж асуудаг. Энэ бол хамгийн ойрын жишээ юм.
Гэтэл бидний орхигдуулдаг хамгийн чухал зүйл нь ажилтан бүхий л талаараа сайжирч хөгжиж үнэ цэнээ нэмэгдүүлэх, нөгөө талаас компани чадварлаг хүний бүтээмжээр илүү үр дүнг бий болгож хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах юм.
Минут секундээр хэмжигдэх цагт баригдахгүйгээр сэтгэлзүй, эрүүл мэнд, боловсрол, ур чадварууд гээд бидэнд хөгжүүлж болох олон өнцөг бий. Нэг түвшиндээ удаан байх нь өөрийгөө нэг цэгээс хөдөлгөхгүй байхаар шийдсэнтэй адил.
Миний хувьд мэдэхгүй зүйлээ мэддэг болохын тулд, чаддаггүй зүйлээ чаддаг болохын төлөө өөрийгөө дайчилж ажилладаг, ажлыг хойш тавихгүйгээр хийж үр дүнгээ харахыг чухалчилна. Хамт олныхоо хүн нэг бүрээс суралцсаар л. Хамгийн сайн чаддаг зүйл, сайхан зан чанар, зөв хандлага, хариуцлагатай байдал, гүйцэтгэл, ур чадварууд гээд сурах зүйл их, мөн тэд мэддэг бүхнээ хуваалцахад хэзээд нээлттэй хүмүүс.
Тиймээс бид өнгөрсөн одоо ирээдүй бүхий л цаг хугацаанд баг хамт олноороо, хувь хүн өөрөө өөртөө хэрэгжүүлж, сайжруулж болох бүхнийг эрэлхийлэн, түүнийгээ хуваалцаж, өнөөдөр өчигдрөөс илүү байхын төлөө суралцсаар ирсэн билээ.
Нэгдмэл байдал
Баг буюу бүлэгт харьяалагдах нь хүний нийгмийн анхдагч хэрэгцээнүүдийн нэг. Багийн гишүүн болж бусадтай ажиллахад нээлттэй, харилцан ойлголцох чадвартай байх.
Хамт олонтойгоо мэдрэх нь дан ганц ажлын бүтээмжээс илүү хэцүү цаг мөчид бие биенээ дэмжих хүч болдог нь хамгийн чухал юм. Бие биеийнхээ өмнө хариуцлага хүлээж, хүн бүр өөрсдийн чаддаг зүйлээрээ бүтээсэн ажлын үр дүн хэд дахин илүү байх боломжтой.
Миний хамт олон, манай баг зорилгодоо хүрэх зорилтуудыг биелүүлсээр, хэн нэгний хувийн ашиг сонирхол бус нийтийн эрх ашгийг хүндэтгэн ажилладаг. Энэ багийг бүрдүүлж байгаа хүн бүрд баярлаж байна. Гоё хүмүүстэй ажиллах нь ажил хийх урам зоригийг нэмэгдүүлдэг гэдгийг би өөр дээрээ мэдэрсэн. Сайхан хамт олонтой компани олон байхыг үгүйсгэхгүй ч би хэдэн ч удаа сонголт хийсэн бай Апексын хамт олноо сонгоно гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
Таны зорилго тодорхой бол ажиллах компаниа сонгоход асуудалгүй, хөгжиж сайжрах хүсэл эрмэлзэлтэй байсан цагт та өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээсэн ажилтан болно гэдэгт итгэлтэй байна.
Эрч хүчтэй, эерэг хамт олны нэг хэсэг болж хөрөнгийн зах зээлийг хамтдаа хөгжүүлэхийг хүсвэл таныг бидэнтэй хамтран ажиллаж өөрийн амжилт, түүхээ бүтээхийг Апекс Капиталын хамт олон урьж байна
☎️ Холбогдох дугаар: 7510-7500
✉️ CV илгээх хаяг: HR@apex.mn